Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж буй Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр хоёр дахь өдрөө Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр “Иргэний танхим”-д үргэлжилж, Нээлттэй нийгэм форум, их дээд сургуулийн багш, эрдэмтэд, шүүгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчид оролцон саналаа илэрхийллээ. Энэ хуулийн гол зорилго нь Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудал болох хуульч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах, хуульчдын өөрийн удирдлагын тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн үндсийг зохистойгоор тавих явдал юм.