Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахыг шаарджээ

Дархан уул аймгийн Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнөөс Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахыг шаардсан жагсаал цуглааныг энэ сарын 3-ны өдөр хийхээр болжээ.  Гэвч Дархан уул  аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал тус хөдөлгөөний тэрхүү  жагсаал цуглаан хийх тухай мэдэгдэлийг нь хүлээн авахаас татгалзсан байна. Харин Дархан-Уул аймгийн Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн З.Энхболдыг огцруулах гэсэн шалтгаан нөхцлийн талаар дараах тайлбарыг өгч байгаа аж.

  1. Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.5.9-д ХЕХ-ны шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болохыг заасан байдаг бөгөөд ингэхдээ тэнэ нь Үндсэн Дүрмийг зөрчсөн бусдын шийдвэр, үйлдэл буюу эс үйлдлийг давж үйлчлэнэ гэж заасан байна.  Тэгвэл 2013 оны 11 дүгээр сарын 18-ны  өдрийн  хяналтын хорооны шийдвэрээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар Н.Мөнхдашийг сонгосон 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Дархан Уул аймгийн ардчилсан намын хорооны хурлын  шийдвэрийг хүчингүйд тооцсон байдаг. Гэтэл  Ардчилсан намын дарга З.Энхболд нь үндсэн дүрмээ зөрчиж Н.Мөнхдашийг тус аймгийн Ардчилсан намын дарга мэтээр өргөмжилсөн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний  өдөр итгэмжлэл олгожээ. Энэ нь түүний хувьд намынхаа үндсэн дүрмийг уландаа гишгэсэн үйлдэл болсон тул З.Энхболдыг намын даргаас огцруулахыг шаардсан байна. 

  1. Дархан Уул аймгийн Ардчилсан нам нь 2004, 2008 , 2012 оны УИХ болон орон нутгийн  сонгуулиудад удаа дараа ялагдаж, намынхаа үндсэн дүрэм зөрчсөн намын хороо, намын даргатай байсаар байтал тэлгээр ялагдалыг нь өндөрөөр үнэлж хууль бус намын хороо болон даргыг нь Эрх чөлөөний одонгоор шагнасаныг жирийн гишүүд нь өрнөгөөр шүүмжилж байна. Сонгуульд намаа ялагдуулаад л байвал шагнал авдаг юм байна гэсэн буруу жишгийг тогтоож байгаа учраас Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахыг шаарджээ.

  2. Дархан уул аймгийн Ардчилсан нам нь 2007 онд буюу тухайн үед намын даргаар Ц.Элбэгдоржийг ажиллаж байх үед анхан шатны үүрүүд дээр шудрага сонгууль явуулж байв. Үүнээс хойш 10 гаруй жил намын дотоод сонгуулийг шударгаар явуулсангүй.  Ингэж намын дотоод ардчилалыг үгүй хийж, коммунист намаас долоон дор үйл ажиллагаа явуулж, намаа 2 хэсэг болгон хувааж 2 тамгатай, 2 намын байртай болгожээ. Ардчиллыг ийнхүү бусниулахдаа Дархан сумын ардчилсан намын дарга  бөгөөд аймгийн орлогч даргаар ажиллаж байсан О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4,1 жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Түүнчлэн аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр зүйл бус авирлаж хүмүүс рүү  салаавч гаргаж ёс зүйгүй үйлдэл хийж байсан, намаа 10 жилийн турш сонгуульд ялагдуулсан Н.Мөнхдашийг дэд сайдад нэр дэвшүүлж, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд нэрийг нь дэвшүүлж байсан нь  З.Энхболдыг  Ардчилсан намыг удирдах чадваргүйг нь харуулаад зогсохгүй, фракцгүй Ардчилсан нам хэмээх хоосон лоозгоносон үйлдэлүүдийг нь Дарханчууд шүүмжилж байна.

  3. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны  сонгуулийг явуулахдаа Дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргааныг Хяналтын хорооноос шийдвэрлэж дуустал сонгууль явуулахгүй байхаар шийдвэр гарсан байтал хууль бусаар ҮЗХ-ны сонгуулийг явуулж шонхор фракцийн, Дарханы харъяаллын биш 4 хүнийг ҮЗХ д сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

  4. Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчийг сонгох нэг нэр дэвшигчтэй нөхөн сонгуульд Ардчилсан намын гишүүд нь нийт сонгогчдийнхоо 10 хүрэхгүй хувийн саналыг авч байхад “Үнэмлэхүй ялалт байгууллаа, Дарханы Ардчилсан намынхандаа баяр хүргэе” гэж бахархалтайгаар өөрийн facebook хуудсанд бичиж байгаа нь хууль бус үйлдэлийг өөгшүүлж байгаа хэрэг гэж үзэж байна гэжээ.

Ийнхүү тус хөдөлгөөнөөс З.Энхболдыг Дархан уул аймгийн Ардчилсан намын хууль бус үйлдэлийг удаа дараа өөгшүүлж, намын эрх ашгийг бус зөвхөн  “шонхор” фракцийнхаа эрх ашгийг хамгаалан, үүнийхээ төлөө намын нэр хүндийг уландаа гишгэж байгаа учраас өөрийн хүсэлтээр Ардчилсан намын даргаас огцрохыг шаардсан байна.

Б.БАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж