”Өвгөн шувуу” биш шонхор болчихоод байна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

”Өвгөн шувуу” биш шонхор болчихоод байна

Төрийн
өмчийн хорооны дарга Дуламын Сугар нэгэнтээ “Миний тэтгэвэртээ суух цаг
болоогүй байна” хэмээн хэлж байсан удаатай. Харин түүнийг улс төрийн
хүрээнийхэн “Монгол төрийн өвгөн шувуу” хэмээдэг. Гэхдээ энэ нь улс
төрийн амьдралаас гарах цаг нь ирсэн гэдэг утгаар хэлээгүйг түүний
намтартай танилцсан хэн болгон мэдэх биз. Тэрбээр Өвөрхангай аймгийн
Өлзийт сумын уугуул бөгөөд нутагтаа 10 жилийн сургууль төгсөөд Хууль
зүйн сургуульд суралцахаар хойд хөршийг зорьж байсан түүхтэй.
Амьдралынхаа ихэнх хугацааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнгөрөөсөн
гэгддэг түүнийг Хуульч Д.Сугар гэдгээр нь хүмүүс анддаггүй юм билээ.
ТӨХ-нд чамгүй олон жил ажиллаж байгаа нь хуульч мэргэжил, “хийгүй”
ажилладагтай нь холбоотой гэлцдэг. УИХ-ын гишүүнээр 2000-2004 онд
сонгогдон ажиллаж байсан түүнийг тухайн үед нь “Түс тас” хэмээн нэрлэх
хүн ч цөөнгүй байсан гэдэг. Учир нь хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг нь
түүнийг ийн тодорхойлоход хүргэсэн биз. Эдүгээ Монгол орны “Эрдэнэсийн
сан”-г төрийн нэрийн үүднээс удирдаж хянах, зохицуулах хүндхэн хэрнээ
хариуцлагатай үүргийг хүлээлгээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга хэмээх
өндөр албан тушаалыг хашиж яваа хүний хувьд тэрбээр олны нүд, чихнээ ил
яваа. Тиймээс ч өөрийгөө “өвгөн шувуу” бус шонхор хэмээн үзэж,
“хэлэлцээр” нэртэй “тулалдаан”-д орж эхлээд байна.

Р.САРАНГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж