“Эрдэнэс Монгол” болон охин компаниуд болох “Эрдэнэс тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежмэнтийг чадавхижуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн хөгжлийн банк/АХБ/-тай өнөөдөр /2016.04.01/ байгууллаа. Уг гэрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммер нар гарын үсэг зурсан юм. Гэрээг байгуулснаар Монголын тал 35 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх боломжтой болж байна. Үүний үр дүнд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч 2016-2024 онуудад 2 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 825 тэрбум төгрөгийн бусад татвар, 518 тэрбум төгрөгийн ногдол ашиг буюу нийт 3.3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Зээлийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас тодрууллаа.
-Төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн дагуулна гэж тооцоолж байна вэ?
-Монгол Улсад Тавантолгой, Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг стратегийн том ордууд байгаа. Үүн дээр мөн олон шинэ төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээрийг хийхийн тулд Монголын өнөөдрийн стандартаасаа олон улсын стандарт руу шилжих шаардлага тулгарч байна. “Эрдэнэс Монгол” компани бол дэлхийн хэмжээний бизнес, түүнийг удирдахдаа олон улсын стандартыг, санхүүгийн, техникийн менежмэнтийн стандартыг дагах зайлшгүй шаардлагатай болж байгаа. Энэ стандартыг дагахын тулд өөрийнхөө компанийн бүтэц, өөрийн компанийн санхүүгийн систем, охин компанийнхаа удирдлага санхүүгийн системд бүрэн шинэчлэл хийх шаардлагатай. АХБ-ны зээлийн тусламжтайгаар дараагийн гурван жилд энэ ажлыг хийнэ. Ингэснээр “Эрдэнэс монгол” болон охин компаниудын үр ашиг нэмэгдэнэ. Жил болгон үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, мөнгөн урсгалыг 15-20 хувиар нэмэгдүүлэх зорилго тавиад ажиллаж байна.
Нэг үгээр тодорхойлбол Монголын төрийн өмчит компанийн үйл ажиллагааг кемассик загвараар өөрчлөх, шинэчлэх тэр процессыг эхлүүллээ гэж ойлгож болно. Төслийн зээлийг гурван жилийн дотор Тавантолгой, Оюутолгой, Гашуун сухайт, Багануур, Шивээ-Овоо зэрэгт зарцуулна.
-“Эрдэнэс Монгол” компани өмнө нь АХБ-наас зээл авч байсан болов уу. Хэрвээ энэ зээлийг зориулалтын дагуу ашиглахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ. Нөхцөл ямар байдлаар тавигдсан бол. Зээлийн жилийн хүү хэд вэ?
-Техникийн туслалцааны төслийг авахын тулд маш нарийн төлөвлөгөө гаргаж боловсруулсан. Бүх худалдан авалт нь АХБ-ны дүрэм журмын хүрээнд хийгдэнэ. Зээл бол хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдож байгаа. 15 жилийн хугацаанд төлж барагдуулна. АХБ-ны ердийн эх үүсвэрээс авч байгаа зээл. Жилийн хүү нь 2 хувь хүрэхгүй гэж хэлж болно. Яагаад бид өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлж байна вэ гэвэл цаг алдах л юм бол маргааш зах зээлд өрсөлдөх чадвар суларна. Бизнесийнхээ арга барилыг яалт ч үгүй сайжруулах ёстой. Үүний тулд бэлтгэл хийх, системтэйгээр стандартын дагуу хийх шаардлагатай болж байгаа.
“Эрдэнэс Монгол”-ын хүрээнд маш олон шинэ төсөл хэрэгжиж эхэлж байгаа. Хөрөнгө мөнгийг нь дүрэм журам стандартын дагуу босгоод зарцуулаад явбал жинхэнэ хөрөнгө оруулалт татаж хэрэгжих боломжтой болно. Энэ компани үйл ажиллагаагаа явуулахдаа хамгийн сайн чадавхитай, хамгийн сайн менежмэнттэй, хамгийн сайн технологитой байх шаардлагатай гэдэг зүйлийг зах зээл шаардаж байгаа. Тийм учраас энэ төслийг хэрэгжүүлж байна, хариуцлагатай хийж байна, системтэй, төлөвлөгөөтэй хийж байна.
-Технологи сайжрахаар үр ашиг нэмэгдэнэ гэлээ. Тодорхой тооцоо гарсан уу?
-Багануурын уурхайг аваад үзье, жилдээ 3.7 сая тонн нүүрс олборлож дотоодынхоо зах зээлд борлуулдаг. Шинэ цахилгаан станц барихаар төлөвлөгдөж байна. Тэр станцыг нүүрсээр хангахад Багануур хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. энийг олон улсын стандартын дагуу Техник эдийн засгийн үндэслэлийг хийж байна. тэрний дагуу санхүүжилтээ босгоно, компанийн удирдлага, үйл ажиллагаанд шинэчлэлт өөрчлөлт хийж байна. Ийм байдлаар компанийн үр ашгыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Үр ашиг нэмэгдэж, мөнгөн урсгал нэмэгдэж байж энэ компаниуд ашигтай ажиллана. Ингэж байж хувьцаа эзэмшигч буюу Монгол Улс өөрсдийнхөө бүтээсэн баялгийг хүртээх обломжтой облно. Үүний тулд шинэчлэлийг хийж байна гэлээ.
Онцлоход, АХБ-нь сүүлийн 25 жилд Монголд тогтвортой санхүүгийн туслалцаа үзүүлж иржээ. Нийт 2 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт оруулсан нь эрчим хүч, зам тээвэр, агаарын тээврийн салбарт зарцуулагджээ.
Г.ДАРЬ