Бороотой өдрийн зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Сүүлийн өдрүүдэд орж байгаа бороо нийслэлийг усанд автуулж эхэллээ. Гэр хороолол усанд автаж байна. Машин зам ч усанд автлаа. Явган хүний замын талаар бол яриад ч нэмэргүй. Хөдөө бороо орвол баярлаж байхад хотод бороо орохоор уурлах хүмүүс ч бас байна. Түүний нэг нь би. Яах вэ, бороо ороод хангай дэлхий чийг авч байгаа нь гоё л доо. Гэхдээ хотын төвийн замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нар гэж сүрхий он­гироо хүмүүсээс болоод бо­роог үзэн ядах сэтгэлтэй бол­чихлоо. Төрөхдөө л ма­шин­тай болоод төрчихсөн аятай хурд хэтрүүлэн давхиж, зам дээр тогтсон усаар яв­ган зорчигдыг “усанд оруулж” байна. Энэ асуудлыг шийдээд зам тавихдаа ус зайлуулагч хийчихэж болдог л юм билээ. Гэтэл замын зураг төсөв зохиодог компанийн инже­нерүүд үүнийг тооцоол­доггүй юм шиг байна. Ма­гадгүй тэднийг мэргэжил эзэмшиж байхад замын ус зайлуулах шугам сүлжээний талаар хичээл ороогүй байх. Эсвэл яг тэр хичээлийг нь тасалчихсан ч байж мэднэ дээ, манайхан л болсон хойно. Ийм хариуцлагагүй нөхдөөс болоод явган зорчигчид хохирч байна. Гэхдээ бид ямар өдөр бүр хохироод байлтай биш дээ. Өөрийгөө хамгаалах арга техникт суралцах хэрэгтэй юм шиг ээ. Явган зорчигчид маань хэдэн зүйлийг л анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт. Бороо орж байгаа үед гартаа байнга чулуу юм уу мод барьж явах хэрэгтэй. Хурдтай ирж яваа машин ус цацах нь 100-200 метрийн өмнөөс л мэдэгддэг учраас гараараа даллаж, жолоочийн анхаарлыг өөртөө татаад, чулуу юм уу модоо шидэх гэж байгаа юм шиг дүр эсгэх хэрэгтэй. Цаадуул чинь сандраад хурдаа сааруулдаг юм. Хоёрдугаарт. Хэрвээ чулуу, мод барьж явахаас ичээд байгаа бол машин ирж явааг харсан даруйдаа зугтах хэрэгтэй. Анхаарах зүйл гэвэл зам дагаж гүйж балрав даа. Шууд л хөндлөн гүйх хэрэгтэй. Гуравдугаарт. Ус цацаад өнгөрсөн машиныхаа дугаарыг харж авах нь чухал. Дараа нь тэр онгироо жолооч машинаа энд тэндхийн зогсоол дээр орхиж л таарна. Тэр үед нь хариугаа хөнгөхөн авчихна шүү дээ. Дөрөвдүгээрт. Хэрвээ дээрх аргуудаас нэгийг нь ч ашиглах боломжгүй бол хувь заяатайгаа эвлэрээд замын бохир усаар угаалгаад явж байх л болж дээ. Монголчууд дэлхийн аль ч улсад амьдарч чаддаг гэдэг шүү дээ. Бид ийм хотод амьдарч байгаа юм чинь хаана л бол хаана амьдарна даа.

Б.ЭНХМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж