Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад шаардлага хүргүүлж, нутаг чөлөөлөхөөр орон нутгийг зорьсон “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр, Н.Самбуу, н.Төмөрбаатар нарыг Өвөрхангай аймагт байхад нь өнгөрсөн шөнө баривчлан, Улаанбаатарт авчирсан талаар бид өглөө мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэний хөдөлгөөний төлөөллүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий Г.Уянга нарын тэргүүтэй “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнд нэгдсэн иргэний хөдөлгөөн, холбоодын төлөөлөгчид оролцов. Тэд өнгөрсөн шөнө цагдаа нар “Гал үндэстэн” холбооны гишүүдийг баривчилсныг эрс буруушааж байна гээд энэ талаар Цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэх болсноо онцоллоо.
Хэвлэлийн бага хуралд оролцогчдын хэлснээр “Гал үндэстэн” холбооныхон Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” компанид шаардлага хүргүүлснийг тус компанийнхан хүлээж аваагүй тул компанийн эзэмшлийн усан бууны генератор руу гурван удаа буудсан юм байна. Үүний дараа Өвөрхангай аймгийн Засаг дарга хөдөлгөөний гишүүдийг уулзаж, ярилцъя хэмээн хуурч, энэ үеэр нь цагдаагийнхан тэднийг баривчилсан гэж иргэний хөдөлгөөний бусад гишүүд нь тайлбарлаж байна.
“Гал үндэстэн” холбооны гишүүдийг Улаанбаатар хотоос Өвөрхангайг зорьсон Улсын мөрдөн байцаах газрынхан аймгийн цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран баривчилсан юм байна. Ц.Мөнхбаяр нарыг Сүхбаатар дүүргийн цагдаад саатуулсан гэх мэдээлэл байгаа ч энэ нь нарийн тодорхойгүй байна.