–Б.Чинзориг, Д.Отгондалай нар олимпийн эрхээ авсан бол дахин гурван тамирчин эрхийн төлөө өрсөлдөнө-
БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болж буй "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн маргааш өндөрлөнө. Тус тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10, эмэгтэй гурван жинд өрсөлдөж байгаагаас манай улсаас таван тулаанч хагас шигшээд үлдсэн. Тодруулбал, эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангасан юм. Манай тамирчид өчигдөр олимпийн эрхийн шийдвэрлэх тулаанд өрсөлдсөнөөс Б.Чинзориг, Д.Отгондалай нар өрсөлдөгчөө ялан финалд үлдэж, РИО-г зорих эрхээ авсан. Харин бусад тамирчид өрсөлдөгчдөө ялагдан дахин олимпийн эрхийн төлөөх тоглолтыг хийхээр болсон. Өнөөдөр Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн Девендро Сингхтэй, Б.Түвшинбат Филиппиний Э.Марсиалтай, Н.Шинэбаяр Австралийн Дэниел Льюистэй тус тус тоглоно.
ХУВААРЬ: /Хожсон нь олимпийн эрхтэй/
15.00 /Улаанбаатарын цагаар/
- 49 кг: Г.Ган-Эрдэнэ – Девендро Сингх /Энэтхэг/
- 75 кг: Н.Шинэбаяр – Дэниел Льюис /Австрали/
19.00
- 69 кг: Б.Түвшинбат – Эумир Марсиал /Филиппин/
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдах юм.
Шууд үзэх: www.ppvsqq.com, http://www.aiba.org/
Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz
Ч.БОЛОР