Өнгөрөгч Лхагва гаригт зохион байгуулсан “Жудагт Монгол” холбооны жагсаалын оргил үе нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын эмоц байлаа. Тэрбээр, ирэх сонгуульд сонгож болохгүй улстөрчдийн нэрийг зарлахын сацуу өнөөх улиг болсон Тавантолгойн хэрүүлээ “дэвсэв”. Нэг талаараа хэн, юу хэлэх нь хүний эрх ч, нөгөө талаараа бол "Өөрийнхөө толгой дээрх өвсийг харахгүй бусдын толгой дээрх тэмээг харна" гэгч л болж байна.
Энэ жагсаалд эрх баригч намын гишүүд болох Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар оролцсон нь үнэхээр "гариг андуурсан" үйлдэл болсон гэхэд хилсдэхгүй.
Ерэн оноос хойших Монголын хавар үргэлжийн сонирхолтой, асуудал сэдэвтэй, зодоон цохионтой, жагсаал цуглаантай болдог нь бараг жам ёсных болсон. Энэ утгаараа ч энэ хаврыг жагсаал цуглаан, зодоон цохионгүйгээр яаж төсөөлөх билээ. Тэр тусмаа энэ чинь сонгуулийн хавар шүү дээ.
Гол нь эл хаврын, энэхүү жагсаалын улс төрийн хачир нь эрх баригчид эрх баригчдаа шүүмжилсэн явдал байлаа. Эрх баригч намын даргынх нь зөвлөх хийгээд эрх ашиг нэгтэй гишүүд нь эрх баригчдаа шүүмжилсэн ийм жагсаал цуглааныг энэ насандаа үзсэнгүй гэвэл худал болохгүй юм.
Эрх баригч намын, гол фракцуудынх нь лидер талбай дээр жагсаал хийж, эмэгтэйчүүд, хүүхнүүдийг фоноо болгон эрх баригчдынхаа эсрэг "том" дуугарав. Энэ бол гайхах шинэ үзэгдэл байсангүй бөгөөд этикийн хувьд бол үнэндээ инээдтэй зүйл байсан гэвэл худал болохгүй.
Эрх баригчид нь эрх баригчдаа сонгуульд сонгохгүй байхыг уриалсан энэхүү жагсаал инээдтэй харагдсан хийгээд эл шог үзэгдлийн ард чухам ямар эрх ашиг нуугдсан бэ гэдгийг энд асуухад ч илүүц биз. Хэн тэнд очсон болоод хэлж байгаа үйлдлээс нь харахад шүү дээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын хууль тогтоох хамгийн дээд байгууллагад гурвантаа сонгогдож, хоёр ч Засгийн хамгийн чухал салбарыг удирдаж явсны хувьд ингэж зогсох нь үнэндээ ичгэвтэр харагдсаныг нуух юун. Энэ хүн юуны, хэний эрх ашгийн төлөө ингэтлээ "доошоо" орно вэ гэсэн хачирхалтай бодол эндээс төрж байна. Улс орны эрх ашгийн төлөө бол угаасаа түүнд ажил хийх эрх мэдэл, төсөв хөрөнгө аль аль нь байсан. Харамсалтай нь, өнгөрсөн найман жилийн турш эдийн засгийн гол гацаагч байсны хувьд ийм инээдтэй жүжиг түүнд зохихгүй байна.
Өнгөрсөн найман жилд өөрөө биш юм аа гэхэд өөрийнхөө хүмүүсээр удирдуулж байгаа Монголын хөгжлийн хоёр гол чухал салбарт өөрчлөлт хийгээд шинэчлэлт орсон уу. Өөрөө сайд байхдаа энэ хүн ингэхэд эдийн засагт хэрэгтэй юу хийсэн юм бэ. Монголын ард түмэн, Монголын төр түүнд хангалттай боломж олгосон. Харин тэр өнөөдөр хэний төлөө, ямар эрх ашиг яриад байгаа гэж?
Л.Эрдэнэчимэгийн хувьд Хүнс хөдөө аж ахуйн, байгаль орчны байнгын хорооны даргын сэтэртэй. УИХ-ын давхар дээлтэй гишүүний нэг. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны даргын хувьд түүнд хийх ажил бишгүйдээ л их баймаар. Ядаж байхад 130 гаруй сумд хаваржилт хүндхэн байна. Тэнд С.Жавхлан, Т.Баясгалан хоёр малчдад өвс үнэгүй тараад явахад энд Л.Эрдэнэчимэг эрх ашгийнхаа төлөө гудамжинд жагсч зогсдог. Энд ямар том ялгаа байгааг үзэгчид үг хэлгүй ойлгосон биз. “Тавантолгойг гацаасандаа баяртай байгаа”-гаа бахархалтай нь аргагүй хэвлэлээр зарлаж явсан түүний хувьд эдийн засгийн гол төслийг чөдөрлөж, хямралд хамгийн том боломж олгосныхоо хувьд иргэдийн өмнө ингэж тэнэгтэх ёсгүй юм, уг нь.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын хууль тогтоох хамгийн дээд байгууллагад гурвантаа сонгогдож, хоёр ч Засгийн хамгийн чухал салбарыг удирдаж явсны хувьд ингэж зогсох нь үнэндээ ичгэвтэр харагдсаныг нуух юун. Энэ хүн юуны, хэний эрх ашгийг төлөө ингэтлээ "доошоо" орно вэ гэсэн хачирхалтай бодол эндээс төрж байна.
Чухамдаа энэхүү жагсаалд гар бие оролцож, индэр дээрээс эрх баригчдаа шүүмжилж байгаа эдгээр гишүүний хувьд эдийн засгийн хорлон сүйтгэх хамаг ажлыг гардан хийсэн хийгээд гар бие оролцсон гэдгийг нь Монголын ард түмэн санахгүй гэж битгий эндүүрээрэй. Улстөрчдийн ой санамж богино ч ард түмнийх харин тийм биш.
Тэгээд ч үнэндээ эрх баригчдаа муулсан эрх баригчид эрх баригч намын алдаа эндэгдэл, аль муу сайн бүхнийг З.Энхболд үүрнэ гэдгийг эндүүрч тооцоогүй байлгүй дээ. Ардчилсан намын өнгөрсөн хоёр жилийн алдаа оноо болгоныг Ч.Сайханбилэг биш З.Энхболд үүрнэ. Учир нь, Ч.Сайханбилэг Монголын Засгийн газрын Ерөнхий сайд ч, харин эрх барьж, бодлого боловсруулж байгаа намын дарга нь З.Энхболд. Энэ утгаараа тэрбээр УИХ-ын дарга төдийгүй Ерөнхий сайдыг үүргийг давхар гүйцэтгэсээр ирсэн нь худлаа биш. Ийм өнцгөөс харвал энэ жагсаалд оролцож эрх баригчдыгаа шүүмжилсэн эрх баригчид З.Энхболдынхоо эсрэг жагссанаас ялгаагүй гэсэн үг.
Тэр тусмаа өнгөрсөн жилүүдэд энэ намын нэрээр хамгийн амттай “бялуу”-г хүртэж явсан Х.Баттулгад ингэж, жагсч, эрх мэдэл хүргэсэн нам руугаа, намын нөхөд рүүгээ "нулимах" хийгээд "шүлсээ хаях" ямар ч эрхгүй юм. Х.Баттулга ямар намаар дамжиж, ямар эрх мэдэлд хүрсэн билээ. Намынхаа Ерөнхий сайдыг, намынхаа гишүүдийг битгий сонгоорой, "бидэнд итгээрэй" хэмээн жагсч байгаа тэдэнд харин иргэд итгэх болов уу. Ханилж яваа ханиа муулдаг, унаж яваа морио хаядаг хүнд монголчууд угаасаа дургүй.
Ямар сайндаа л УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Нямдорж нэг бус удаа АН-ын экс дарга Н.Алтанхуягт хандаж, хажуу бөөрөөс чинь хутгалах хүн МАН биш хажуудах Х.Баттулга чинь шүү дээ хэмээн хатуухан ч гэсэн үнэнийг сануулж байх вэ.
Эмэгтэйчүүдээс өөр "дэмжлэггүй" болсон эр хүний хувьд даашинзны хормойд нуугдсан улс төр чинь улам увайгүй харагдаж байна гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Өнгөрсөн хугацаанд Монголын төр түүнд хангалттай эрх мэдэл олгож, хангалттай эрхлүүлж ирсэн нь худлаа биш. Энэ өнцгөөс нь харвал эрх баригчдаа шүүмжилж зогсоо эрхэм гишүүнд эх орны эрх ашгаа байг гэхнээ эр хүний "жудаг" ч гэж байна уу? Ийм л эрх баригчид энэ дөрвөн жил биднийг удирдаж иржээ гээд хэлбэл, тун харамсалтай. Энэ бол Ардчилсан намын алдаа гэхээсээ Ардчилсан намын даргын алдаа болон харагдаж байна.
Хажуудахаа, доодохоо удирдаж чадахгүй байгаа даргад хандаж хатуухан хэлэхэд ийм багаар сонгуульд оролцохыг хүсч байгаа бол эртхэн замаа тавьж өг. Аль эсвэл Ардын намд ялалтаа аль эрт "бэлэглэчихсэн" юм биш биз дээ. Эрх баригчид нь эрх баригчдаа шүүмжилж байна гэдэг З.Энхболд л муу байна гэж харагдаж байна. Сонгуулийн өмнө намаа нулимах хийгээд намнах ямар том эрх ашиг Х.Баттулга болоод Л.Эрдэнэчимэг нарт бий гэж. Ингээд Ардчилсан намынхан энэ хэдэн хүнээр намаа улсаа хорлуулсаар байх гэж үү? Энэ жагсаалыг эцэст нь нэг үгээр нийгмийн сүлжээнийхэн тодорхойлсон байна лээ. “Холимог хуурга” гэж.
Ж.ЭРХЭС