Наадамчдын аюулгүй байдалд анхаарахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Наадамчдын аюулгүй байдалд анхаарахыг үүрэгдэв

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал болж,  Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь морь барианы газрын бэлтгэл ажлын явц, гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, зам засвар болон Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр, урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөр зэрэг нийт 15 асуудал хэлэлцлээ. Энэ жилийн үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн ойтой давхцаж байгаа. Иймээс өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр хийхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо бэлтгэж байгаа.

Тус хорооны дарга, Шадар сайд М.Энхболд хурлын үеэр наадамчдын аюулгүй байдалд ялангуяа, хүнсний чанарт онцгой анхаарал тавьж ажиллахыг холбогдох хүмүүст анхаарууллаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон талбайг тогтмол усалж жигд зүлэгжүүлэх, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэн үйлчилгээг сайжруулах, наадамчдын хүнсний аюулгүй байдлыг хангах, тохь тухтай наадах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахыг зөвлөлөө. Ингэхдээ нийслэлд хийгдэж байгаа автозамын болон бусад засварын ажлыг ирэх сарын 5-ны дотор дуусгахыг Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны даргад үүрэг болголоо.

Наадамчин олон, уяачдын ая тухтай байдлыг хангах үүднээс Хүй долоон худаг дахь уралдааны замын хамгаалалтын бүсэд буусан айлуудыг нүүлгэх, хурдан морины уралдаан зохион байгуулах газрыг хамгаалалад авах, наадам болтол уралдаан тэмцээн, сунгаа явуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Түүхт олон ой давхцсан энэ жилийн наадмын соёл урлаг, үзвэрийн үйл ажиллагаа долдугаар сарын 5-наас эхэлнэ. Тухайлбал, долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд Монгол гэрийн өдөр, 6-нд монгол цагаан идээний өдөр, 7-нд монгол бичгийг өдөр, 8-нд монгол язгуур урлагийн өдөр, 9-нд монгол хувцасны өдрийг зохион байгуулна. Мөн долдугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадам болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж