Турк улсаас тэнгисээр дамжин Грект ирэх дүрвэгсдийн урсгал сүүлийн өдрүүдэд огцом нэмэгджээ. Грект зөвхөн өчигдөр /III.30/ л гэхэд 766 дүрвэгч ирсэн нь өмнөх өдрийнхөөс 192-оор нэмэгдсэн байна хэмээн албаныхан мэдээлэв. Түүнчлэн Италид ирэх Африкийн дүрвэгсдийн тоо ч нэмэгдэж, мягмар гаригаас хойш 1300 гаруй хүн ирсэн байна.Энэ хооронд Европын холбооны удирдлагууд дүрвэгсдийн урсгалыг сааруулахаар Турктэй яриа хэлэлцээ явуулж байна. Европын холбооны Турктэй байгуулсан тохиролцооны дагуу гуравдугаар сарын 20-ноос хойш Грект ирсэн дүрвэгсдийг буцаах ёстой аж. Уг гэрээг эсэргүүцсэн олон зуун дүрвэгч Афины төвд жагсаал хийжээ. Дүрвэгсдийн жагсаалд хүний эрхийн идэвхтнүүд, оюутнууд нэгдэж, Балканы орнуудыг хилээ нээхийг шаардав. Балканы орнууд хилээ хааснаас үүдэн Грект 6000 орчим дүрвэгч гацсан байдалтай байна. Европт өнгөрсөн онд сая хол давсан дүрвэгч ирснээс Европын холбооны зарим орнууд “хангалттай” гэж үзэн хилээ хааж, хязгаарлалт тогтоох болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ