50 саяас доош төгрөгийн хадгаламжид баталгаа гаргадаг болно

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

50 саяас доош төгрөгийн хадгаламжид баталгаа гаргадаг болно

Ц.БАЯРСАЙХАН: 50 САЯАС ДООШ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАДАГ БОЛНО



Эдийн засгийн байнгын хороо уржигдрын хуралдаанаараа Хадгаламж, зээлийн
хоршооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Манай
улсад Хадгаламж, зээлийн хоршоод дампуурч, олон иргэн хохирсон саяхны
түүх бий. Тиймээс уг хуулийг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн
Ц.Баярсайхантай ярилцлаа
.

-Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийн гол агуулга нь юув. Яагаад энэ хуулийг санаач­лах болов?

-Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ гэдгээс эхэлье. Хадгаламж зээ­лийн
хоршоод дампуурч, олон хүн хохирсон тэр үед хоршооны гишүү­дийн төлөө
үйлч­лэх байгууллага цөөн хүний эрх мэ­дэлд орсон байсан. Тэр цөөн
тоо­ны хүн иргэдэд өндөр хүү амласан. Түүнийхээ хэрээр  их хэм­жээ­ний
хадгаламж төвлөрүүлж, түү­­нийгээ өөрсдийнхөө бизнест зар­­цуулсан. Олон
зуун хүнийг хохи­роо­сон гэдгийг бүгд мэдэж байгаа. Хор­шоонд мөрдөх
үндсэн есөн зар­чим байдаг. Үүнийг   зөрчсөн. Тий­мээс Хор­­шооны  тухай
хуулийг шинэ­чилье, ха­риуцлагын тогтолцоог нь сайж­руулъя гэсэн санал
гаргасны үндсэн дээр УИХ тогтоол баталж, энэ ажлыг төлөвлөгөөнд оруулсан
юм. Үүний дагуу 2007 онд Хадгаламж, зээлийн хор­шооны тухай хуулийг
шинэчилж, УИХ-д өргөн барьсан байдаг. Гэ­сэн ч шаардлага хангаагүй. Тийм
уч­раас уг хуульд УИХ-ын гишүүд дахин боловсруулалт хийж, саяхан өр­гөн
барилаа. Санхүүгийн зохи­­цуулах хороо, Хадгаламж, зээ­лийн хоршоодын
холбоо болон олон ний­тийн байгууллагуудаас чамгүй олон санал авч төсөлд
тусгасан.

-Хамгийн гол нь өмнөх алдааг давтахгүй байх талаар хэр ан­хаарсан бэ?

-Хоршооны талаар олон ул­сад мөрддөг зарчим бол ардчил­сан
удирд­лагатай, хяналтын тогтол­цоотой, хор­шооны гишүүдийн эрх ашгийг
эрэлхийлсэн, гишүүд нэг саналтай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан
байх явдал юм. Энэхүү зарчмыг нарийн мөрдөх асуудлыг л хуульд тусгасан.
Дээр нь зөвхөн хоршооны гишүүд хадгаламж нээлгэнэ. Зөвхөн хоршооны
гишүүд зээл авна. Хор­шоог 20-оос доошгүй хүн нийлж бай­гуулах ёстой
гэсэн заалтыг тус­гасан. Ингэхдээ аль болох бие, биенээ таньдаг, нэг
сумын, нэг ажил мэргэжилтэй ийм хүмүүс  байгуулах ёстой гэж заасан
байгаа.

-Яагаад?

-Бие, биеэ мэддэггүй хүмүүс хамт­раад өөрсдийнхөө нийгмийн асууд­лыг
шийдье гэдэг. Гэтэл ашиг олно гэсэн өөр хэсэг бүлэг ороод ирэхээр
зөрчилддөг гэх үндэслэл бий. Өмнө нь ч тийм явдал болсон. Тиймээс хуульд
хоршооны хяналтын талаарх асууд­лыг сайн тусгаж өг­сөн. Бас Хадгаламж,
зээлийн хор­шоо­ны гишүүдийн хадгаламжийг Хад­галамжийн даатгалын тухай
хуу­лиар зохицуулах заалт оруулж бай­гаа. Цаашид бид иргэдийнхээ
хад­­галамжийг даатгасан хуулийн тог­­толцоотой болох ёстой. Мэдээж
то­­дорхой хэмжээгээр хязгаарлаж өгнө. Тухайлбал, иргэдийн 50 саяас доош
төгрөгийн хадгаламжид баталгаа гар­га­даг тогтолцоог мөрдүүлнэ. Энэ
тог­толцоондоо хадгаламж, зээ­лийн хоршоодын гишүүдийн хадга­лам­жийг
даатгах нь зүйтэй гэсэн зарчмыг оруулж өгч байгаа юм.

-Яг ямар хяналт тавих талаар тодруулахгүй юү?

-Хуулийн төсөлд хориглосон заал­туудыг тусгаж өгсөн. Мөн хоршооны гишүүн
ямар хариуцлага хүлээх ёстой гэдгийг ч тусгасан. Ерөнхийдөө хор­шооны
удирдлага, түүний үйл ажил­лагаанд тавих хяналтын тогтол­цоог  сайжруулж
байгаа юм. Жишээ нь, хадгаламж татахын тулд өндөр хүү амлаж,
сурталчилгаа хийхийг хо­риглож байгаа. Дээр нь ямар нэг байдлаар
хоршооны дансанд цуг­ласан мөнгөөр хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө
оруулалтын сан хэл­бэрээр ашиглахыг хориглох заалтыг ч хуулийн төсөлд
оруулсан.  

-Тэгвэл хоршооны хөрөнгийг зөвхөн гишүүдэд, тэдний бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зар­цуулна гэсэн үг үү?

-Тийм. Хоршоо зөвхөн гишүү­нийхээ мөнгийг хадгална, ги­шүүдэ­дээ зээл олгоно гэж ойлгож болно.

-Ер нь 2006 онд хадгаламж, зээ­лийн хоршоо олноороо дам­пуурсны гол
шалтгаан юу байсан гэж та үзэж байна вэ. Хуулийн цоорхой юу. Эсвэл
хяналт  тавих ёстой байгууллага нь үүргээ бие­лүүлээгүйгээс үү?

-Санхүүгийн зохицуулах хо­роог 2005 онд байгуулсан. Тэр­нээс өмнө 2002
онд Хоршооны ту­хай хуульд Хадгаламж, зээлийн хор­шооны тухай бүлгийг
нэмээд, хор­шоодод өргөжих бололцоог нээж өг­сөн. Тиймээс тодорхой
хугацаанд Сан­хүүгийн зохицуулах хороо хяналт тавиагүй гэж үзэж
болохгүй. Хуульд заасан хяналтын тогтолцоо, хуулиас болоод тийм байдал
үүссэн гэж ч хэлж болохгүй. Яагаад гэвэл хуулиар хүмүүст бололцоо
олго­сон. Хоорондын харилцааг нь зохи­цуулсан. Хэм хэмжээг нь зааж
өгсөн.  Хамгийн гол нь тэр хоршоог удир­даж байсан, хоршоог бизнесийн
бо­ломж гэж харсан хүмүүсийн бу­руутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Тэд
хоршооны тухай хуучин хуулийг ашиглаад олон нийт, иргэдэд хохи­рол
учруулсан. Одоо “Тийм этгээ­дүүдийн үүнийг ашиглах замыг нь хаах ёстой.
Хянал­тыг чангаруулах ёстой юм бай­на”  гэж үзсэний үндсэн дээр
өөрч­лөлт оруулж байгаа юм. Ер нь цаа­шид мөрдөх эрх зүйн харилцааг
боловсронгуй болгох зорилготой.

-Дахиад тэр үеийнх шиг зүйл болохгүй гэх баталгаа нь хэр байгаа бол?

-Өнөөдрийг хүртэл мөрдөж байсан хуулиас шалтгаалсан, хянал­тын тогтолцоо
суларснаас болсон зүй­лийг мэдээж шийднэ. Гэхдээ Хад­галамж, зээлийн
хоршоог хүн удирдана, хянана. Хувь хүмүү­сийн зүгээс янз бүрийн алдаа
гар­гахыг хуулиар хааж чадахгүй шүү дээ. Хуулийн төсөлд Санхүүгийн
зо­хи­цуулах хороо, хадгаламж, зээ­лийн хоршооны гишүүдийн зүгээс тавих
хяналтыг өндөржүүлэх асууд­лыг тусгасан. Хууль талаасаа чанга­руулах,
харьцааг нь зөв болгох зүйлээ бид хийлээ. Хамгийн гол хяналтыг
Санхүүгийн зохицуулах хороо төдий­гүй хадгаламж эзэмшигчид хуулийн дагуу
тавих ёстой. Хоршоо гэдэг бол хамтын удирдлагын байгууллага. Үүнийгээ
мартаад хэдэн хүнд ха­маг хөрөнгөө даатгаад, өндөр хүү ам­лахаар нь
мөнгөө аваачиж хийгээд байвал дахиад тийм зүйл гарахгүй гэсэн баталгаа
байхгүй  шүү дээ.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж