Н.Сувд: &#34Гэгээн муза&#34 наадам олон улсын фестиваль болж өргөжсөн

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Н.Сувд: &#34Гэгээн муза&#34 наадам олон улсын фестиваль болж өргөжсөн

Энэ жил Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийнх нь талаар УДЭТ-ын уран сайхны удирдаач, ардын жүжигчин Н.Сувдаас тодрууллаа.

-Энэ жил Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаад ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-2016 он бол Улсын драмын эрдмийн театрын хувьд түүхэн тэмдэглэлт он болно гэж бодож байна. Бид он гарахаас өмнө ой тэмдэглэх комисс байгуулсан, салбар комиссууд ажлаа эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ерөнхийдөө ой тэмдэглэх хүрээнд төлөвлөгдсөн зүйлс юм. Эхний улиралд Дэлхийн театрын өдрийг тэмдэглэж байна. 

-Дэлхийн театрын өдрийг угтан хэрэгжүүлсэн “Сонгодог жүжгийн өдрүүд” үзэгч ихтэй байлаа?

-Дэлхийн театрын өдрийг 1961 оноос хойш 55 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг манай улсын театр, урлагийн байгууллагын ажилтнууд, дэлхийн бусад уран бүтээлчийн хамт тэмдэглэдэг уламжлалтай. Нондин хүртэл бид “Гэгээн Муза” наадмыг энэ өдөрт зориулан хийдэг байсан. Харин энэ жил Дэлхийн театрын өдрөөр “Сонгодог жүжгийн өдрүүд” хэмээх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүллээ. Үүний хүрээнд УДЭТ-ын тайзнаа тавигдсан дэлхийн сонгодог бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсэн. Ийнхүү “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа явдал нь дэлхийн театруудтай харьцуулахад манайх ямар төвшинд ажиллаж байна гэдгийг харуулах, томоохон сонгодог бүтээлүүдийг Монголын үзэгчдэдээ ойр танилцуулах зорилготой юм. Мөн үзэгчдийн хүрээг тэлэх зорилгоор багц тасалбар, хөнгөлөлтүүдийг зохион байгуулсан. Энэ жилийн тухайд нэг онцлог зүйл нь “Тоглолтын дараа” уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг болсон явдал. Уулзалтын үеэр үзэгчид уран бүтээлчдээс сонирхсон асуултаа асууж, сайхан яриа өрнүүлсэн.

-Монголынхоо сонгодог жүжгүүдийг хэзээ тайзнаа тавихаар төлөвлөж байгаа вэ?

-Үндэсний сонгодог жүжгүүдийг арваннэгдүгээр сард багцалж тоглоно. Учир нь арваннэгдүгээр сарын 12-нд театрын маань төрсөн өдөр. Энэ өдрөө угтаад үндэсний сонгодог жүжгүүдээ тоглож, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэнэ гэсэн үг. “Тэнгэрийн хүү”, “Ээдрээ”, “Оролмаа” зэрэг олон сайхан жүжиг үзэгчдэд хүргэнэ. Манай театр хүүхдэд, залуучуудад зориулсан гэх мэт жүжгийн багц хөтөлбөр байдаг. Ингэж зорилтот үзэгчдэд чиглэсэн тоглолтуудыг хийж байгаа нь үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Сүүлийн үед театрын үзэгчдийн тоо нэмэгдсэн нь анзаарагдсан. Үүнд дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх?

-Нэгдүгээрт, манай уран бүтээлийн чанар чансаа, үзэгчдийг татах чадвар ямар байгаа нь харагдаж байгаа байх. Хоёрдугаарт, маркетинг менежментийн алба гэж бий. Энэ албаны маань залуус цаг үетэйгээ хөл нийлүүлж, үйл ажиллагаагаа олон хэлбэртэй, сонирхолтой болгох талаар идэвхтэй ажиллаж байгаа. Тэр нь үр дүнд хүрч, үзэгчдийн тоо жилээс жилд, сараас сард нэмэгдэж байна. Үүнийг уран бүтээлчид, маркетингийн албаныхны маань ажлын үр дүн гэж боддог.

-Энэ жилийн “Гэгээн Муза” наадам хэзээ болох вэ. Шалгаруулалтад оролцох бүтээлүүдээ авч эхэлсэн гэж сонссон?

-Тавдугаар сард болно. “Гэгээн Муза” академи, Драмын жүжигчдийн холбоо, Олон улсын театрын институт гэх мэт байгууллагуудтай хамтран “Гэгээн Муза” олон улсын наадмыг зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд Олон улсын театрын институтын дэргэдэх олон улсын фестивалийн сүлжээний бүрэн эрхт наадам болсон. Жинхэнэ утгаараа олон улсын наадам болж, ажлаа явуулж байгаа. “Гэгээн Муза” наадмыг ардын жүжигчин С.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат зэрэг залуу үеийнхэн маань нуруун дээрээ үүрч яваа. Ер нь театр маань шинэ залуу уран бүтээлчдээр эгнээгээ тэлж, хойч үеэ бэлдсээр байна. Театр бол мэргэжлийн жүжигчдийн чадвараа дээшлүүлэх гол үндсэн суурь, бааз нь байдаг. Өөрөөр хэлбэл, тамирчид зааланд бэлтгэл сургуулилтаа хангадаг шиг театр бол жүжигчдийн хувьд бэлтгэлээ хангадаг талбар, судалгаа хийдэг лаборатори нь юм. Өдөр тутмын дасгал сургуулилттай байдаг учраас жүжигчдийн чадвар байнга өсдөг. Тиймээс кино, нэвтрүүлэг, телевиз, олон нийтийн бусад арга хэмжээнд манай жүжигчдийн эрэлт хэрэгцээ их бий.

Б.БАДАМГАРАВ

www.ardiinerkh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж