Дарь-эхийн зам жолооч нарыг ”тамлана”

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Дарь-эхийн зам жолооч нарыг ”тамлана”

ДАРЬ-ЭХИЙН ЗАМ ЖОЛООЧ НАРЫГ ИРЭХ НАЙМДУГААР САР
ХҮРТЭЛ “ТАМЛАНА”

Нийслэлчүүдийн хувьд нэгэн цагт зуслан гэгдэж байсан Дарь-Эх, Дамбадаржаа орчмын нутаг дэвсгэр эдүгээ эмх замбараагүй гэр хорооллын тод жишээ болчихоод байгаа. Дээр нь зам муутайгаас үүдэн өвөлд нь хальтиргаа, гулгаа, зунд нь тоосжилтоороо “гайхуулна”. Хамгийн сүүлд энэ замыг 2009 онд зассан ч өнөөдрийн байдлаар ихэнх газартаа асфальт нь хагарч, нүхжилт үүсэн шороон зам болж хувираад байгаа. Энэ жил нийслэлд өрнүүлж буй зам  засварын төлөвлөгөөнд Дарь-Эхийн замыг засах ажил багтсан ч хараахан эхлээгүй байна. Иргэдийн зүгээс ч замыг хурдхан засаасай гэх хүлээлт үүсээд байгаа юм. Иргэдтэй уулзахад, “Бороо ихтэй үед маш их шалбааг тогтож, замын хажуугаар явах аргагүй болдог. Харин бороо ороогүй үед түүнээсээ ч дор. Маш их тоос босдог” хэмээн гомдоллож байна.  Харин жолооч нар энэ замаар явахад бүр ч илүү хүндрэлтэй байдаг гэдгээ хэлсэн юм. Тэд замын бартаа нүхийг тойрох гэж эсрэг урсгал руу орж, хөдөлгөөний аюулгүй байдлаас илүү машинаа эвдчихгүйг хичээдэг хэмээж байна. Замын цагдаагийн газрын өнгөрсөн оны судалгаагаар Дарь-Эхийн ШТС-аас хоёрдугаар буудал хvрэх замд хамгийн их замын осол гардаг гэнэ.

Жолооч Х.Баярсайхантай уулз­лаа.
    
-Энэ замыг хамгийн сүүлд хэзээ зассаныг та мэдэх үү?

-Хамгийн сүүлд хоёр, гурван жилийн өмнө  засч байсан санагдаж байна. Гэхдээ засах ч гэж дээ. Хэдэн нөхөөс тавьсан байх. Тэр нь долоо хоногийн дотор  бутраад алга болчихож байгаа юм.

-Ер нь энэ замаар зорчиход хүндрэлтэй биз?

-Замын голд дугуй хагараад зогсчих тохиолдол олон гарна. Дээр нь энэ замаар цонхоо онгойлгож явахын аргагүй. Шороо, тоос гэж нөхцөлгүй их. Осол аваар ч их гарна. Саяхан телевизээр энэ зам дээр ямар осол гарсныг харуулж байсан. Жолооч нар машинаа эвдэхгүйн тулд энэ муухай нүхнүүдийг нь сүлжиж явах гэж хичээхдээ замын хажуу руу уначихдаг юм.

Автозамын газрын хяналтын инженер Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
    
-Дарь-Эхийн зам өнөөдөр хамгийн их эвдрэлтэй замуудын нэг байх. Засвар, шинэчлэлийн ажил нь яагаад эхлэхгүй байна вэ?

-Энэ оны төлөвлөгөөнд орсон. Сансарын Шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртэлх 6.7 км замыг бид Дарь-Эхийн зам гэж нэрлээд байгаа. Гэхдээ зөвхөн энэ зам бус Дамбадаржаагаас хойд зуслан хүртэлх зургаан км замыг бас засаж байна. Гүйцэтгэгч нь нэг компани байгаа юм. Хятадын хөрөнгө оруулалттай “HBK” гээд компани. Тус компани өөрийн хөрөнгөөр засч, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ажиллаж байгаа юм. Нийт 12.7 км замын талаар энд ярьж байна. Ажлын хувьд замын трасст орсон айлуудын газрыг чөлөөлүүлж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр ажил 80 гаруй хувьтай байгаа. Тухайн үед 83 айлын хашааг татуулах нь нэлээд бэрхшээлтэй байсан.

-Энэ ондоо багтаж засаж амжих уу?

-Төлөвлөсний дагуу энэ оны наймдугаар сард багтаан засаж дуусна. Өмнө нь долоон метрийн өргөнтэй байсан. Үүнийг өргөтгөж, зорчих хэсгийг нь есөн метр болгох юм. Гэхдээ одоогоор Дарь-Эхийн замыг хуулаад ажиллаж байгаа юм алга. Харин хойд зуслангийн замыг засах ажил нэлээд урагштай байгаа. Тэндээсээ нааш нь засах юм.

-Замыг яаж засах вэ. Бүрэн хаавал иргэдэд нэлээд хүндрэл үүсэх байх?

-Энэ замыг хаалгүйгээр, хэсэгчилж өргөтгөл, засвар хийнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газартай зөвлөлдөөд төлөвлөгөө гаргасан. Хаахаар болбол жолооч нарын зорчих хэсгийг бэлдэж өгч байж ажлаа хийх юм. Энэ замаар тээврийн хэрэгсэл зорчиход ямар их хүндрэл учирдгийг бид мэднэ. Өчигдөрхөн очжи үзэхэд борооны ус маш их хэмжээгээр тогтсон, эвдрэл ихтэй харагдаж байсан. Ямар ч байсан энэ ондоо багтаан өмнөхөөс нь хамаагүй илүү сайн зам тавих тул иргэд энэ хугацаанд зам засварын ажлыг дэмжиж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой, соёлтой оролцоосой гэж хүсч байна.

-Танайх гүйцэтгэгч компанитайгаа тохиролцож чадахгүй байгаагаас энэ замын засвар сунжираад байна гэж хардах хүмүүс байна?

-Тийм зүйл байхгүй. Хойд зуслангийн зургаан км замын дөрвөн км орчмыг нь тэгшилж, хашлагаа хийсэн. Асфальтыг нь ч энэ компанийнхан өөрсдөө хийж байгаа. Удахгүй зуслангийнхаа замын ажлыг дуусгаад Дарь-Эхийн замыг засаж эхэлнэ. 

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж