Бид сүүлийн 20 жил хий хоосон улс төр ярьж, хийрхэж, шаргал ордон тойрон хэрэлдсэн. Харин өнөөдөр улстөрчдийн нуршуу лекц, толгой эргүүлсэн тоо баримт, хэн нэгнээ хэл амаар доромжилсон өдөөн хатгалгаас илүүтэй энгийн, амьдралд ойр, бас хүнд хэрэгтэй үг, үйлдэл чухал болчихоод байна. Дэлхийн улс төрд ч арай өөр арга барил, өнгө аяс давамгайлж байна. Гашуун ч гэсэн үнэнийг хэлдэг, нийгэмд асуудал дэвшүүлдэг, олон нийт түүнийг нь анхааран хэлэлцэж, зөвшил, шийдэлд хүртэл нь хэлэлцдэг. Испанийн Ерөнхий сайд үндэсний спорт болох бухын тулаанд дургүйгээ нуулгүй хэлсэн ч рейтинг нь унах бус өссөн. Бухын тулааны тухай үнэнийг хэлсэн нь аль ч нийгмийн ямар ч цаг үеийн мөнхийн шалгуур болсон шударга ёсны үнэлэмжинд яв цав нийцсэн жишээ юм. Монголд үнэн бүр илүү үнэ цэнэтэй, эрэлт хэрэгцээтэй.
Өнгөрсөн шинэ жилээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалж, оргилуун дарс бус, сүү өргөж, ард түмэндээ шинэ оны мэнд дэвшүүлсэн. Зарим нь “Элбэгээ хошгируулж байна” хэмээн шоолж, нэг хэсэг нь “Архигүй шинэ жил гэж хаа ч байхгүй” хэмээн эсэргүүцэж, хамгийн гол нь нийтийг хамарсан өргөн яриа, маргааны сэдэв болсон билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас архины хор хөнөөл, үүнээс үүдэн гарах эрүүл мэндийн болон нийгмийн сөрөг үр дагавартай тэмцэх зорилгоор улс орнуудын 2010 оны архины хэрэглээг судалжээ. Монгол хүн бүрт жилд 33 литр архи ноогддогоороо жагсаалтын ¹1-т бичигдсэн Молдавынхаас 18.22 литрээр илүү гарч, дэлхийд тэргүүлж байна. Манай улсын насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг нь судалгаагаар нотлогдсон баримт юм. Нэг хүнд оногдох архины хэмжээ таван литрээс илүү гарахад л “Үндэсний эмгэнэл” гэж үздэг. Монгол толгой тус бүрт 33 литр архи ноогддог, ард иргэдийн зовоосон ТОР асуудлаар байнга шалгардаг учир хүмүүс Ерөнхийлөгчийн санаачилгыг анхааран сонсож, ам дамжин хэлэлцэх нь зүй ёсны хэрэг болно.
Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Эх оронд маань дипломтой боловсон хүчнээс илүү нарийн мэргэжилтэй ажилчид хэрэгтэй байна. Дэд бүтэц, уул уурхай, бүтээн байгуулалтын ажилд тэнцэх монгол ажилчин, шинэ цагийн илгээлтийн эзэд дутагдаж байна. Монгол Улсын хэмжээнд 3500 хуульчийн орон тоо байхад жил бүр 7000 хүн хуульчийн дипломтой төгсдөг… Аав нь хүүдээ, ээж нь охиндоо, дарга нь цэрэгтээ үнэн үг хэлдэг, үлгэр жишээ болдог байх цаг боллоо” хэмээн ил шулуун хэлэх болжээ. Ардчилал гэдэг үгийг эмх замбараагүй, сахилга батгүй байх явдал гэж тархиндаа ягштал суулгачихсан, үг сонсож чадахаа байсан, “Дипломтой л болчихвол лусын хаан шиг баян амьдарна” гэж итгэдэг болчихоод байгаа хүмүүст энэ үг гашуун, бас хөндий хүйтэн сонсогдож магадгүй юм. Гэвч гашуун ч гэсэн үнэнийг сонсох хэрэгтэй, улстөрчид ч худлаа бялдуучилсан ая тал зассан үгнээсээ зайлсхийх хэрэгтэй болсныг цаг үе сануулж байна.
Нэг хэсэг “Улс төр гэдэг нь бүлэг хүмүүсийн шийдвэр гаргах үйл явц юм” хэмээн номлодог байлаа. Харин өнөөдөр “Улс төр гэдэг бодлогоор зах зээл” гэж тодорхойлж байна. Хэн сайн бодлого боловсруулж, хэн олон хүнийг татаж чадна, тэр хүн амжилт олж чадна. Тэгвэл улс төр гэдэг энэ том зах зээл сүүлийн үед хэрэглэгчээ алдаж эхэлжээ. Дэлхийн бүхий л улс орон сонгуулийн ирцийг 51 хувьд хүргэх гэж толгойгоо гашилгаж байна. Олон измүүд, гүн ухааны номлолууд, бас амлалтууд улстөрчдийг чимж, гийгүүлж чадахаа болив. Энэ бэрхшээл Монголын улс төрийг ч тойрсонгүй. Нэр төр муутай, үлгэр дуурайл болохоос илүүтэйгээр олны элэг доог болдог, хоёр эхнэртэй, хауст амьдарч, хөөрөг гаанс ярьж, хурдан морины наймаа л хийж сурсан улстөрчдөөс монголчууд залхаж, тэднийг үл ойшоож эхлэв. Удахгүй сонгууль болно. Хүссэн ч, эс хүссэн ч тэд олон нийтийн өмнө сайхан харагдах гэж дахиад л хичээнэ. “Долоон үеэрээ ядуугийн ядуу амьдарсан. Компани байгуулангуутаа гэнэт баяжсан” хэмээн тендерт ялж, тэрбумтан болсон хүмүүс өөрсдийгөө сурталчилна. Морь уралдуулж, бөх барилдуулж, сайхан харагдах гэж хамаг мөнгөө цацдаг. Уг нь УИХ-ын 76 гишүүн нэг, нэг асуудал сөхөж, хэлэлцүүлж, архи, тамхи, хүний наймаа, боловсролын асуудал ярьж, хэлэлцүүлэг зохиож, нэг ч гэсэн бодитой шийдвэр гаргачихсан бол худлаа инээж, хүний нүүр харж чадахгүй гөлөлзөж суухгүй байсан нь лавтай.
Улс төрийн манлайлагч нь олон түмнийг хошуучлагч хэмээх шинжийг илүү их илэрхийлэгч байх хэрэгтэй байдаг. Түүний оршин тогтнох үндэс нь хошуурагчид юм. Гэвч өнөөдөр зөв үлгэр болдог, бас манлайлж чаддаг, дэмжигчид дагуулж чаддаг улстөрчид нүдний гэм болж хувирав. Бүгд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, амласан мөнгөө олж өгч дахиад сонгогдох нүхээ малтах гэж хичээж байгаа. “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”, “Хүүхдийн мөнгө”, “Одонгийн мөнгө” гэхчлэн халамжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, 2.7 сая иргэн бүгд халамж хүртэж, зарим нь бүр 5-7 төрлийн халамжийн мөнгө авч байна. Үнэндээ нийгмийн халамжийн тоо нэмэгдсэн ч ядуурлын тоо буурсангүй. Монгол хүн халамжинд шүтэн амьдарч, оюун ухаан нь царцаж, гар, хөл нь хөшиж эхэлж байна. Үнэндээ улстөрчдийн амласан мөнгө сайн сайхан амьдрал авчирахгүй байгааг сонгогчид ч хүлээн зөвшөөрч, бэлэн мөнгөнөөс татгалзаад байгаа. Тиймээс “2012 онд Монголын улс төрийн зах зээлд амжилт олохын тулд яах ёстой вэ” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Ард түмний эрх ашиг, сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг, төр засгийн түвшинд тодорхой байр суурь эзэлдэг, хувийн онцлог шинж, дүр төрх нь олон түмний итгэлийг олсон, бусдаас ялгарахгүй боловч бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн, үйл ажиллагааных нь үр дүн бодитой, тодорхой үнэлэгдсэн тийм л хүнийг үгүйлж байна. Хамгийн гол нь эрх мэдэл, албан тушаалын төлөө бус, харин зөв сайн юман дээр нэгдэж чаддаг улс төрчдийг олон нийт үгүйлж байгаа. Нам эвслээс үл хамаарч, нийтийн эрх ашгийн төлөө нэг ч гэсэн зүйл дээр нэгдэж чаддаг тийм л улстөрчдийг хүлээж байгаа.
Английн философич “Эмх замбараагүй байдлаас гарах арга нь нийтийн хэлцэл хийж, нийгмийн гэрээ байгуулах явдал гэж тодорхойлжээ. Бас “Аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд хүмүүс төр байгуулж түүнд өөрийн хувь заяаг даатгах болжээ. Засгийн дээд эрх мэдлийг төр эдэлж, дэг тогтоох цагдаагийн үүрэг гүйцэтгэхээс гадна хүмүүжил, гэгээрлийн үйл ажиллагаа эрхэлж мөн шагнал урамшил, цээрлэл үзүүлэх ёстой” хэмээсэн байдаг. Монголын улстөрчид эрх мэдэл эдэлж, дэг тогтоож, цагдаагийн үүрэг гүйцэтгэж чадаж байгаа. Харин хүмүүжил, гэгээрлийн үйл ажиллагааг явуулж чадаж байгаа гэдэг нь тун эргэлзээтэй. Нийгмийн тулгамдсан, хуримтлагдсан, бугшсан асуудлыг шийдэх гарц, арга замыг эрж хайж, нийтийн зөвшилцөл, шийдэлд хүргэж чаддаг шинэ улс төр, шинэ улс төрийн “моод” Монголоор дуусахгүй эхлээсэй.