Зүүн Европ дахь америк цэргийн тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Зүүн Европ дахь америк цэргийн тоог нэмэгдүүлнэ

 

АНУ-ын арми зүүн Европт байрлах цэргийн тоогоо нэмэгдүүлж байна. Энэ нь Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнөөс үүдэн зүүн Европын орнууд ОХУ-аас болгоомжлох болсонтой холбоотой. АНУ-ын армийн бүрэн зэвсэглэсэн бригадыг бүс нутагт байнга байршиж буй цэргийн баазуудад нэмэлтээр байршуулах гэнэ. Бригад тус бүрд ойролцоогоор 4200 цэрэг байх бөгөөд есөн сар тутамд шинэчлэгдэн солигдож байх аж. Үүний зэрэгцээ Европын аюулгүй байдлыг хамгаалахад зориулах төсвийг дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг АНУ-ын Пентагоноос өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулж байсан юм.

 

Крым хойг 2014 оны гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д нэгдсэнээс НАТО болон Москвагийн харилцаа муудсан. Улмаар Украины зүүн хязгаарт салан тусгаарлах бослого тэмцэл өрнөснөөр ОХУ-ын хөрш Европын орнуудад түгшүүр, хардлага үүсэх болжээ. Хэдийгээр Украины зүүн хязгаарт гал зогсоосноор зөрчил тулаан намжсан боловч хэлэлцээг зөрчих явдал тасрахгүй байгаа юм.

 

Нөгөө талд НАТО Украины нөхцөл байдлыг ашиглан ОХУ-ын хилд улам ойртсоор байгааг Москва буруушаан шүүмжилж байна. “ОХУ Балтын тэнгис, Софиа эсвэл Будапешт рүү танкаа илгээнэ гэх шум тарах болсон. Гэвч хэн ч ийм юм хийх гээгүй байна” хэмээн ОХУ-ын батлан хамгаалахын сайд Анатолий Антонов Германы “Deutsche Welle” сайтад ярьжээ.

 

АНУ-ын арми зүүн Европт хүчээ нэмэгдүүлэх болсон ерөнхийлөгч Барак Обамагаас хойших үед бэлтгэж буй хэрэг хэмээн зарим шинжээчид дүгнэж байна. Европт байнга байршиж буй америк цэргийн тоо 62 мянга аж. АНУ нь Европ даяар 21 цэргийн баазтай юм.

 

Эх сурвалж: ВВС, AP, EUCOM

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж