“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг” чинь тэнд байна. Энэ бол Хонконг дахь Дисней Ланд. Ердөө 350 хонконг доллар буюу 60 орчим мянган төгрөгийн үнэтэй таксыг нь авсан л бол бүх тоглоом үнэгүй. Оройны 22 цаг хүртэл хэдэн ч удаа тоглож болох бөгөөд тэр хотхоноос гартлаа та хүүхэд хэвээрээ байх тэр орчинг бүрдүүлж чаджээ. “Дисней Ланд”-ын үүдээр ормогц орчин, дуу чимээ, дэлгүүр, зоогийн газар нь хүртэл үлгэрийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байв.
Хамгийн эхлээд Микки хулгана, аварга загас Дельфинийг дээрэлхээд уначихсан, хамтдаа үсэрч наадаж буйтай таарав. Энэхүү усан оргилуур өдрийн цагаар зочдыг сэрүүцүүлж, шөнийн цагаар гоёмсог байдлаараа нүд баясгана. Яг үнэндээ манай “Шангрилла”-ийн өмнөх усан оргилуурын эргэн тойронд ийм гэрлүүдээр чимэглээд, хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн киноны баатруулыг хөдөлгөөнт дүрсэд оруулчихсан хэрэг л дээ. Тоолж үзэхэд 50 гаруй гэрэл байна билээ. Тусгалын өнцөг буланг нь л олж тохируулж чадсан болохоос байдаг л гэрэл, ус шүү дээ.
Дараа нь усан завинд суулаа. Жинхэнэ балчир насныхны тоглоом байна даа хэмээн чамласаар бяцхан завинд орж багтаж ядан суутал ямар их эндүүрсэн байв аа. Тив, тивээр, орон орноор аялуулан тухайн үндэстний хувцастай хүүхэлдэйнүүд дундуур аялсаар ёстой л дэлхийг тойроод ирлээ. Дуучин Анугийн дуулаад байдагчлан “хөөрхөн” ч дэлхий юм аа даа. Монгол хүүхэлдэйгээ нүдээрээ хайлаа. Бортогон малгайтай бяцхан “Мандухай”-нууд намбалаг гэгч нь алхаж буй эрхэмсэг гэж яана. Оросын талх, давс барьсан матрёшканууд дэргэд нь гэнэн харагдаж инээд хүргэв.
Тэндээс асар том салаар хөлөглөн Тарзаны арал дээр очлоо. Аварга том модны мөчирт өлгөсөн сүлжмэл сагсан дунд гэнэт хүүхэд уйлахаар нь “сүнс” энэ тэр бодогдон цочин харвал мань Тарзан дөнгөж төрчихөөд байгаа нь тэр юмсанж. Балчир, бага, идэр залуу нас гээд бүх үеэр нь аялав. Эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь барьж үзэж, зориулалтынх нь дагуу хэрэглэж болно. Хуудас нь шарласан номоос үлгэрийг нь уншина. “Жунгл”-ийн ертөнцөөс гараад хүсэн мөрөөдсөөр байсан “Галзуу хулгана” дээрээ ирлээ дээ.
Ёстой гайхамшигтай. Нөгөө од мэдэхгүй гээд байсан нөхөд чинь тэнд одод тэнгэрийг төсөөллөөрөө бүтээжээ. Бодвол кинон дээрээс үзсэн байх л даа. Тоглоом эхлэхэд фантастик аянд уяран сансрын уудмын “хаалгаар” алгуурхан өгсч байсан хөлөг маань гэнэт ая догшрохын хэрээр хязгааргүй огторгуйн гүн рүү аваад шидчих шахав. Замд “сүг, сүнс”-үүд ч юм уу, аймшигтай дүрсүүд “заналхийлнэ”. Юун сансар, ёроолгүй нүхэнд унах шиг болохдоо эсэн мэнд буудаг л байгаа даа гэж бодмоор. Гэтэл улаан гал дүрэлзэх цагариг дундуур нэвт зүсэн гарлаа. Айдсаас таашаал авч буй хүүхэд залуусын орилоон тоглогчдыг ертөнцөөс тусгаарлаж чадаж байна аа. Нуулгүй хэлэхэд айдсаас таашаал аваад ханаагүйдээ дахин, дахин дугаарлаж тоглосон шүү. “Хүсэн хүлээсэн цочрол айдас хүнд их эрч хүч өгдөг” гэсэн шинжлэх ухааны дүгнэлт байдаг бол би лав эргэлзэхгүй итгэнэ. Яг одоо ч энэ мэдрэмжийг дахин амсахаас татгалзаж чадашгүй нь.
Тэнд нэг сонин хүнтэй тааралдсан. “Алиса гайхамшгийн оронд” кино, санаж байна уу. Үе үеийн хүүхдүүдийн хайрыг татсан Алиса маань яг л кинонд гардаг шигээ. “Хөөрхөн”, “сайхан”-ы ялгаа гээд л ярьдаг даа. Тэр бол хөөрхөн юм билээ. Ямар ч хүйсийн, ямар ч насны хүн түүнийг хүлээн зөвшөөрч байв. Алисад “Дисней Лэнд”-ээс цалин өгдөг гэж сонссон. Харин тэрбээр хүссэн хүн бүхнийг тэвэрч байгаад зургаа авахуулан баярлуулж байв. Жич: Байсхийгээд хацар, эрүүндээ иллэг хийж амрааж байгаагаас харвал инээж зурагаа авахуулдаг түүний хөдөлмөр чамлахааргүй хүнд бололтой.
Бусад тоглоомыг нь очоод үзэх тул тоочихоо больё. Хэрэв хэн нэгэн хүүхдийг насандаа мартахааргүй баярлуулъя гэвэл “Дисней Ланд”-ийг заавал зориорой. Ажил хэрэгч яриагаар бол ямартай ч “Дисней Ланд” маш цэвэр бизнес юм байна. Хэдийгээр гэрэлтүүлэг, тохижилтоос эхлээд сая сая ам.долларын хөрөнгөөр энэ бүтээн байгуулалтыг буй болгосон ч өнөөдөр ашгийн төлөө бус гэдэг нь харагдав. Хүссэн, хүсээгүй дотоод, гадаадын мянга мянган хүн зорин очиж байна. Тэдэнд таксын 350 хонконг доллараас илүү түм буман хүүхдийг баярлуулан, томчуудад бага насыг нь эргэн сануулж, инээд хөөр, эерэг цэнэг бэлэглэж буй нь аугаа бүтээн байгуулалтад зарцуулсан хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийнх нь үнэ цэнэ болж байдаг ажээ.
Хүний нутгийн сайхныг л түүж харахын зэрэгцээ хөгжилд нь атаархахын эрхэнд саар талыг нь сэм хайж үзлээ. Гудамжинд хөнжил гудсаа засан тухтайхан суниасаар хувцсаа тайчин гэрийн эзэн мэт орондоо шургах Хонконгийн ядуус. Хуруугаа цэврүүттэл ятга тоглон зоос горьдох хэрмэл хөгжимчид. Хамгийн аймаар нь шүдэнзний хайрцгийн дайтай том жоомууд гүйлдэх аж. Гишгэх гэхээр өөдөөс цовхчин, нисэх шахам бачимдан уурлаж, хоолны газар бараадан амьдрах гэж гүйлдэх азгүй тэр амьтдыг хараад “Энэ өчүүхэн амьтантай тэмцэж чадсангүй гэж үү” гэхээс хөгжлөөрөө гайхуулах тэр орныхныг шоолох ч шиг.
Хонконгод орон орны баячууд хурааж хуримтлуулсан мөнгөө үрэх гэж л ирдэг. Хэдийгээр аялж жуулчлах нэрээр ирж буй ч “брэндизм”-ээр өвчлөн, шоопингийн синдром нь хүнд хэлбэртээ орчихсон тэднийг харахад зугаатай. Тэндхийн хамгийн өндөр, зэрэглэл өндөртэй барилгуудыг нь оюуны хөдөлмөр эрхлэгчид түрээслэн эзэмшдэг юм билээ. Тэр тусмаа бидний хувьд танил үг хэллэг болоод байгаа IPO хийхэд олон улсын стандартад нийцсэн зөвлөх үйлчилгээ хийдэг хуульчид хамгийн их мөнгийг олдог. Их мөнгөний урсгал цутгасан Хонконгийн Хөрөнгийн биржид Амарзаяа гэдэг монгол эмэгтэй ажилладаг нь тэндхийн монголчуудын ганц бахархал ажээ.
Мөн тэндээс Монгол руу машин ачуулж мөнгө олдог залуус байдаг юм байна. Сэлбэгээр тордож “босгосон” тэдний илгээсэн машин яг л цоо шинэ мэт. Бас бүх марк, өнгө, загварынх байдаг болохоор эрэлт ихтэй байдаг гэнэ. Биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд байдаг гэх боловч азаар тэр харламаруудтай нь таарсангүй. Жирийн монгол залуус Хонконгт очиж ажиллаад мөнгө олно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Барилга, замын ажил нь тэр чигээрээ автоматжсан цөөн тооны иргэдээ л ажиллуулдаг. Бизнес хийнэ гэвэл өрсөлдөх чадвар, бэл бэнчингээ бодохоор үлгэр гэлтэй. Брэндийн дэлгүүрээс хулгай хийж нааш явуулдагаа л бизнес эрхэлж байгаа гээд залчихдаг болохоос монголчууд байтугайг нь багтаах зай тэнд алга.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"