Үйлдвэрлэгчдэд халтай НӨАТ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчдэд халтай НӨАТ

Нийтдээ 60 орчим хүнийг цалинжуулдаг уурхайн менежер Б.Баярхүү “НӨАТ-ын хууль үйлдвэрлэгчдэд халтай байна” гэсэн шүүмжлэлээр  яриагаа эхлэв. Монголын эдийн засагт эргэлдэж байгаа ажил үйлчилгээ, хөрөнгийг бүртгэх нь зөв ч нөгөө талдаа НӨАТ-ын хуульд заасан зарим заалтууд  үйлдвэрлэгч болон хөрөнгө оруулагчдад дарамт болж эхэлснийг тэрбээр нуусангүй. 

Хуулийн төслийг чуулганаар ид хэлэлцэж байх үед Засгийн газар бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдэд  татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байгаагаа танилцуулж байжээ. Гэтэл нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг  татварын бодлогоор хөхиүлэн дэмжих, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэсэн  НӨАТ-ын хууль харин УИХ-аар батлагдахдаа Засгийн газрын ярьж байснаас тэс өөрөөр “угаагдаад” батлагдчихсаныг Б.Баярхүү шүүмжлэв.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд таницуулж, амалж байснаас 360 градус “эргэсэн” НӨАТ-ын хуулийг УИХ-аар батлахдаа бизнесийг дэмжих биш  нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нэмэлт татварын ачаалал үүрүүлж, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө  оруулалт орж ирэх нөхцөлийг муутгасан, татварын тэгш шударга байдлыг алдагдуулсан, олон улсад байхгүй жишгийг шинээр бий болгосон нь үйлдвэрлэгчдийг бухимдуулж, хямраах үндэс болсон байна.

Хэрэгжээд дөрвөн сарыг үзэж байгаа НӨАТ-ын хуулийн шинэчлэлт ийнхүү араасаа бөөн, бөөн асуудал дагуулах болсоор удаж буй юм. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бизнес эрхлэгчид ч санал гомдло илэрхийлсээр байгаа билээ. Эдийн засагт эргэлдэж буй төгрөг бүрийг тоолох зорилготой энэхүү шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэгчдийн зүгээс  эргэлзээ, шүүмжлэл  багагүй гаргаж буйг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж боломгүй.

Аль ч өнцгөөс харсан төгс төгөлдөр хууль гэж байдаггүй. Гэвч алдаагаа цаг тухайд нь засахгүй л бол ахиад хэдэн их наядын хөрөнгө сүүдрийн эдийн засагт нуугдаж үлдэхийг хэлж чадахгүй. Тэгээд ч шинэ хууль сайн гэсэн локик хаана байна вэ. Чухам иймээс л НӨАТ-ын шинэ хууль алдаатай батлагдсан бол өргөн барьсан анхны санаачлагч нь үүнийгээ заавал засах ёстой.

ЯАГААД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХАЛТАЙ ГЭЖ?

 НӨАТ-ын хуулийн гурван заалт үйлдвэрлэгчдэд дарамттайгаар тусч байгааг Б.Баярхүү онцлов.

Хуулийн 14.1.5-д Үндсэн хөрөнгө бэлтгэх, худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасалт хийхийг хориглосон

             14.6.4-т Тайлант хугацааны орлогод хамаарахгүй худалдан авалтын НӨАТ-ыг хасалт хийхийг хориглосон.

 Эдгээр заалтыг даруй засахгүй бол  Монголын эдийн засгийн хөгжил том тээг болж болзошгүй байгааг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, эдийн засагт томоохон реформ хийх  үндсэн гол зорилготойгоор батлагдсан, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдэнд “эрх чөлөө” олгох зорилттой НӨАТ-ын шинэчлэл бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль болж чадсан уу?. Энэ асуултад том, жижиг гэлтгүй ихэнх бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид “Үгүй” гэж хариулж байна. 

Хэдийгээр өнгөцхөн харахад татварын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй боловч шууд бусаар бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг нэмэгдүүлж байгааг ганц Баярхүү ч биш бусад бизнес эрхлэгчид шүүмжилж байгаа юм.  Зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудын үр дүнд татвар суутган төлөгч нь үндсэндээ борлуулалтаас 10 хувь, худалдан авалтдаа 10 хувь, нийтдээ 20 хувийн татварын ачаалал Борлуулалтын үнийн дүнгээр үүрэх хэмжээний дарамт үйлдвэрлэгчдэд үүсээд байгаа аж.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  бизнес эрхлэгч ашиг, орлогоос татвар төлөөд зогсохгүй зардал, худалдан авалт дээрээ татварын ачаалал үүрч эхэлж байна. Тэгэхээр үйлдвэрлэгчдэд ирж буй энэ бүх ачаалал дарамт ил эдийн засгаа дэмжих биш эсрэгээрээ сүүдрийн эдийн засгийг дэмжих хэрэгсэл болж магадгүй байгааг эрх баригчдад сануулахад илүүдэхгүй биз. Хэрэв үнэхээр НӨАТ-ын шинэчлэлийг хийсэн шиг хийж, эдийн засагт эхлүүлсэн реформоо амжилттай явуулъя гэвэл үйлдвэрлэгчдэд халтай заалтуудаа эргэн харвал яасан юм бэ.

НӨАТ-ЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ШИНЭЧИЛЬЕ

НӨАТ-ын хуулийг монголчууд төдийлөн ойлгодоггүй. Анх 1997 оноос хэрэгжихдээ худалдааны татвар хэлбэрээр “утгаа” өөрчилсөн уг хуулийг үндсэн филосифийнх нь дагуу өөрчлөхөд хүрснийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж буй. Түүний хэлснээр НӨАТ-ын хууль бол Монголд эрхэлж байгаа ажил үйлчилгээ, хөрөнгийг бүртгэх зорилготой. Харин Б.Баярхүүгийн дүгнэж буйгаар энэ хууль үйлдвэрлэгчдийг гэхээсээ худалдаа эрхлэгчдийг л дэмжсэн хууль болсон гэнэ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын зөвлөмжид дурдсанаар НӨАТ-ын үндсэн зарчмууд ерөнхийдөө ижил байдаг. НӨАТ-ын хуулийн үндсэн зарчим бол үйлдвэрлэл үйлчилгээний шат бүрт татварыг цуглуулдаг, тухайн бизнес зөвхөн өөрийн бий болгосон зөвхөн нэмүү өртөгт татвар төлөх замаар эцсийн хэрэглээнд татвар ногдуулдаг систем юм. Ингэхдээ нийгэмд хийгдэж байгаа бүх борлуулалтад НӨАТ ногдуулдаг ба худалдан авагч НӨАТ ногдох бараа, үйл ажиллагаанд зориулан авсан бол буцаан хасалт хийх замаар өөрийн нэмсэн өртөгт татвар төлдөг систем. Чөлөөлөгдөх, тэг хувь хэрэглэхээс бусад борлуулалтад НӨАТ ногдуулдаг ба хувийн хэрэглээ, чөлөөлөгдөх борлуулалтад зориулснаас бусад бүх худалдан авалтын НӨАТ-ыг хасалт хийхийг зөвшөөрдөг байна.

Харамсалтай нь,  өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд батлагдсан, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын шинэ хуульд бизнесийн байгууллага зардал болон орлогодоо татварыг давхардуулан төлөхөөр хуульчилжээ. Ингэснээрээ нэг талаар Монгол эргэлдэж байгаа төгрөг бүрийг хянах тоолох боломжтой болж буй ч нөгөө талдаа үндэсний үйлдвэрүүдээ томрох хөгжих боломжийг хязгаарлаад өгчихжээ гэсэн дүгнэлт эндээс төрж байна.  Яг үнэндээ бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  бизнес эрхлэгч ашиг, орлогоос татвар төлөөд зогсохгүй зардал, худалдан авалт дээрээ татварын ачаалал үүрч эхэлж байна. Тэгэхээр үйлдвэрлэгчдэд ирж буй энэ бүх ачаалал дарамт ил эдийн засгаа дэмжих биш эсрэгээрээ сүүдрийн эдийн засгийг дэмжих хэрэгсэл болж магадгүй байгааг эрх баригчдад сануулахад илүүдэхгүй биз. Хэрэв үнэхээр НӨАТ-ын шинэчлэлийг хийсэн шиг хийж, эдийн засагт эхлүүлсэн реформоо амжилттай явуулъя гэвэл үйлдвэрлэгчдэд халтай заалтуудаа эргэн харвал яасан юм бэ.

Нэг амаараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд нөгөө гараараа тэднийгээ дарамталж, шахсан хууль батлаад байх юм бол Монголд хэн хөрөнгө оруулж, хэн үйлдвэрлэх эрхлэх вэ дээ.

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж