Азийн эдийн засгийн өсөлт 2016-2017 онд 5.7 хувьтай байхыг Азийн хөгжлийн банкнаас тооцоолон гаргасан байна. Азийн эдийн засаг 2015 онд 5.9 хувийн өсөлтийг үзүүлсэн юм. Бүс нутгийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг Хятадын эдийн засаг энэ онд 6.5 хувийн өсөлттэй байгаа нь өнгөрсөн 2015 оныхоос 0.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Улмаар Хятадын эдийн засгийн өсөлт ирэх онд ч удааширч 6.3 хувьтай байх төлвийг Азийн хөгжлийн банкнаас таамаглажээ. Экспорт буурч, ажиллах хүчний хомсдол үүсч эхэлсэн, хангамжид суурилсан шинэчлэлийн бодлого баримталж буй зэрэг Хятадын эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлсөн аж.
Эсрэгээрээ хурдацтай хөгжиж буй Энэтхэгийн эдийн засаг 2016-2017 онд өсөлттэй байхыг шинжээчид таамаглажээ. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт энэ онд 7.4 хувьтай байх бол ирэх 2017 онд 7.8 хувьд хүрэх гэнэ. Өнгөрсөн онд Энэтхэгийн засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого баримталсны ачаар эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай байв.
Зүүн Өмнөд Азийн орнуудын тухайд эдийн засгийн өсөлт энэ онд 4.5 хувь, ирэх 2017 онд 4.8 хувьд хүрч нэмэгдэх гэнэ. Энэ бүс нутагт Индонези улс эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж байна. Индонези нь дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, бодлогын түвшинд шинэчлэлт явуулж, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлжээ.
Азийн орнууд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 хувийг бүрдүүлдэг аж. Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА