Мэргэжилтнүүд Грекийг ирэх жил хүртэл зээл авч чадахгүй бол эдийн засгийн нийт үзүүлэлт нь 300 тэрбум ам.долларт хүрэхгүй бөгөөд энэ улс ядууралд орох эхний шатанд шилжих нь гэсэн таамаглалыг гаргасан билээ.
Грекийн Засгийн газрын гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Жорж Папандреоуг дэмжиж байна. Тухайлбал, парламентын 300 гишүүнээс 155 нь түүнд итгэл үзүүлж, цаашид албан тушаалд нь хэвээр үлдээх сонголтыг гаргасан талаар www.marketwatch.com сайтад нийтэлжээ. Түүнийг “Үүрэгт ажлаа сайн хийхгүй байгаа” хэмээн үзсэн грекчүүд өнгөрсөн долоо хоногоос огцрохыг шаардаж эхэлсэн юм.
Грекийн Засгийн газар болон Санхүүгийн зохицуулах хорооноос яг өнөөдрийн байдлаар 110 тэрбум евро буюу 158.6 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа гэсэн албан ёсны мэдэгдэл хийсэн билээ. Тус улсын эрх баригчид өнгөрсөн онд авсан зээлээ эргүүлэн төлөхийн тулд нийгмийн халамжийн бодлогоо хумьж, төрийн мэдлийн нэгжүүдээ хувьчилж эхэлсэн. Үүнээс болж Грекийн 400 мянга гаруй хүн ажилгүй болж, иргэдийн дунд санхүүгийн “гацаа” бий болсон аж. Нөгөө талаасаа зээл авахгүй “түгжрээд” байгаа шалтаан нь олон талын хариулт нэхсэн ээдрээтэй асуудал болоод байгаа гэж зарим эх сурвалж онцолж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрэв байдал энэ чигээрээ үргэлжлэх аваас Грекийн Засгийн газар тарах аюулд орох аж. Улмаар Грек төдийгүй Европ, цаашлаад Азийн санхүүгийн зах зээлд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар авчрах юм. Хамгийн гол нь дахин санхүүгийн хямрал болохгүй гэх баталгаагүй болчихоод байна.
BBC-ийн сэтгүүлч Уил Грантын мэдээлж буйгаар Грект арван мянга гаруй жагсагчид “Хулгайч нар, хулгайч нар” хэмээн орилолдож байгаа аж. Тэд улсын хэмжээнд асуудал хурцдаад байгааг Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн үзэж байгаа талаар Уил Грант онцолжээ.
Түүнчлэн Олон улсын валютын сангийн шийдвэр Грекийн хувьд сүүлийн найдвар болоод байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн юм. “Хүмүүс тайван замаар жагсаж байгаа нь зарим талаараа авууштай зүйл” хэмээн Ерөнхий сайд Жорж Папандреоу хэлжээ.
Грекийн нийт зээлийн хэмжээ асар их болсон. Хамгийн том зээлдүүлэгч орон нь Франц улс аж. Франц нь Грект нийт 56.7 тэрбум ам.долларыг зээлдүүлснээс 42 тэрбум нь хувийн санхүүгийн байгууллага болон банкуудынх байна. Харин Герман улс нийт 33.9 тэрбум ам.долларыг Грект зээлдүүлжээ. Үүний 22.9 тэрбумыг нь Германы Засгийн газраас олгожээ. Мөн Их Британи, АНУ, Итали, Швейцарь, Япон, Испани зэрэг орнууд их хэмжээний зээл олгочихоод байгаа тул цаашид үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин