Гурван цагдаагийн нэг нь таргалалттай гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ бол өнгөрсөн онд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд явуулсан эрүүл мэндийн үзлэгээр нотлогдсон мэдээлэл юм. Цагдаад алба хаагчдын 31,7 хувь нь илүүдэл жинтэй гэнэ. Урьд нь ч цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагын алба хаагчид, тэр дундаа дарга нар хэт таргалалттай, гүзээ ихтэй байгааг олонтаа шүүмжилж байсан билээ.
Цагдаа нарын дунд албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн алба хаагч 0,4 хувийг эзэлж буй ажээ. Ард олны амгалан тайванг тогтоохоор ажиллаж байхдаа цагдаа нар нохойд хазуулах тохиолдол цөөнгүй байгаагийн дээр зүсэгдсэн, хутгалуулсан шарх, гар хөлөө хугалсан, зөөлөн эдийн гэмтэл, толгой доргих зэргээр хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс олон байжээ.
Нийт алба хаагчдын 15,9 хувь нь өнгөрсөн онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тэдний 36,4 хувь нь эмнэлэгт 1-7 хоногоор хэвтсэн бол 39,5 хувь нь 7-14 хоногоор, 18,1 хувь нь 14 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Цагдаагийн алба хаагч нарын дунд бөөрний үрэвсэл 10,9 хувь, ходоодны архаг үрэвсэл 6,1 хувь, нурууны эмгэг өөрчлөлт 5,6 хувьтай гарчээ. Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн 6500 алба хаагч буюу 69,7 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 30,2 хувь нь үзлэгт хамрагдаагүй байна.
Д.Цээл