Г.Байгалмаа зөвлөх юу хийгээд явна вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Г.Байгалмаа зөвлөх юу хийгээд явна вэ?

“Жудагт Монгол” холбооноос зохион байгуулж буй “Үндэсний эв нэгдлийн цуглаан” нэртэй жагсаал өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Жагсагчид олон л шаардлага тавих аж. Барьсан уриа лоозон нь тэр чигээрээ Ардчилсан намын бодлогын эсрэг чиглээ юу гэлтэй.  Жишээ татвал, жагсагчид “Сонгуулийг хар машинаар явуулахыг хориглоё”, “Намын нэрсийн жагсаалтаар 28 гишүүн сонгогдохыг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэт уриа лоозон барин хашгирч байна. Ардчилсан нийгэмд хэн юугаа ярьж шаардах эрх нь хувь хүний эрх боловч, УИХ-ын даргын зөвлөх тэрхүү жагсаалд оччихсон явааг ер ойлгох арга алга. Сонгуулийн хуулийг холимог тогтолцоогоор явуулахыг, мөн саналын хуудсыг автомат машинаар тоолохыг эсэргүүцээд байгаа хүн үү.

Өнгөрсөн оны сүүлээр эрх баригч хүчин Сонгуулийн хуулийг батлахын өмнө ямар их эсэргүүцэлтэй тулж, 48х28 буюу холимог тогтолцоогоо авч үлдлээ. Энэ тогтолцоо зөвхөн Ардчилсан намд ашигтай болоод үхэн хатан зүтгэсэн юм биш, жалга довоороо талцаж улстөрждөг үзэгдлийг халах зорилгоор өнөөгийн эрх баригч хүчин 2011 онд тухайн үеийн олонхийн бүлэгтэй олон сар тэмцэж, зөвшилцөж байж бий болгосон тогтолцоо юм.  Дээр нь гараар саналын хуудсыг тоолж будилаан үүсгэдэг байсан аргыг халах зорилгоор машинаар тоолдог болсон.

МАН-ынхны хувьд хар машин будилаантай гэдэг гомдлыг хэдэн жилийн турш тавьж байгаа ч 2012 оны УИХ-ын сонгуульд 26 суудал авсан. Будилаан үүсгэдэг байсан бол сонгогчийн 40 гаруй хувийн санал авах байсан гэж үү. Өнгөрсөн жил УИХ-аар Сонгуулийн хуулийг батлахад хар машиныг хамгийн их эсэргүүцэж, Тусгаар тогтнолын талбайд жижиг намуудыг оролцуулаад жагсаал, цуглаан хийсэн улстөрийн хүчин хэн билээ дээ, МАН.

“Жудагт Монгол” холбоог бүрдүүлэгчид нь МАН, МАХН-ынхны ахмад гишүүд голдуу багтсан байгаа. Тэд Сонгуулийн хуулийг өөрчлөхийг удаа дараа шаардсан. Түүнийгээ өнөөдөр дээрх жагсаалын үеэр ч хөндлөө. Гэтэл Ардчилсан намын гишүүд давхиад оччихсон тууж явах юм. За энэ ч өнгөрч гэж бодъё гэвч, саналын хуудсыг автомат машинаар уншуулах санаачилга гаргаж үүнийхээ төлөө тууштай зогсдог УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа яг юу хийж яваа юм бэ. Ядаж байхад Ардчилсан намын даргын зөвлөх хүн шүү дээ.

Түүний энэ үйлдлийг хараад ардчиллынханд юу бодогдож байгаа бол. МАН-ынхан бол “Ашгүй дээ, УИХ-ын даргын зөвлөхөөс эхлээд бидний шаардаж ирсэн асуудлыг дэмжээд эхэллээ шүү” гээд алгаа ташиж суугаа байх даа.

Д.БАТХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж