Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр өдрийн өмнө өндөрлөв. Газар зүйн хувьд алс хол ч Америк бол  хамгийн ойрын  хөрш мэт санагддаг болчихож. Ердөө л хөрш айлдаа ороод гарахын  дайтай хэзээний танил, дотно Америк. Дэлхийн хамгийн хүчирхэг энэ улсад  манай  Төрийн тэргүүн  албан ёсны  айлчлал хийж байгаа нь ч бидний хувьд тэгэх л ёстой юм шиг санагдах болжээ. Гэтэл манай хоёр улс  ердөө л  1987 онд  дипломат харилцаа тогтоож байж шүү дээ. Бас ноён Б.Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 150 гаруй орны Төрийн тэргүүн  уулзах хүсэлтээ тавьсан боловч тэдний дундаас Монголыг ийнхүү сонгож онцгойлон хандсанд нь  талархах ёс­той юм байна. Үгүй ээ, тэ­дэнд талархах биш ийнхүү  тоог­дож байгаа  өөрсдөөрөө бахар­хах ёстой юм байна. Азийн жижигхэн Монгол АНУ-ын гуравдагч хөршөөр тоогдож, Ерөнхийлөгч маань очсон га­зар бүртээ  үнэлүүлж,  бахар­хуулж явна гэдэг гайхалтай санагдлаа. Хүмүүс  хэлэх л байх. “За, айлчлал болгонд л Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд нар хүндлүүлж байдаг биш үү” гэж. Тийм нь тийм. Гэхдээ би Төрийн тэргүүн нарын айлчлалыг бишгүй дээ л дагаж явсан болохоос Ерөнхий сайд нар хэрхэн  айлчилдгийг үнэндээ мэдэхгүй юм. Энд онцгойлж хэлэхэд манай ул­сын Ерөнхийлөгчийн хувьд аль ч улсад хүндлэгдэх  нэгэн үнэт зүйл байна.  Тэр бол түүний намтар нь. Хэн ч хөндлөнгөөс гар  дүрж,  зохиож дэгсдүүлээгүй, зөв­­хөн өөрийнх нь туулж өн­гөрүүлсэн амьдралынх нь бодит түүх. Тухайлбал, XXI зууны ардчилсан орны Төрийн тэргүүн  нүүдэлчин удмын малчин айлд  эхээс наймуулаа төрж өсөөд мал маллан, шилбүүр эргүүлэн гүйж явсан гээд бод доо. За, тэгээд 20 жилийн өмнө Монголд  ардчилсан хувьс­галыг биеэр удирдан ялуулж, Харвард төгсөж, хоёр удаа Ерөнхий сайд болж,  өд­гөө бүх ард түмнээсээ Ерөнхийлөгчөөр сонгогдон ажил­­лаж явна гэдэг айхтар нам­­­тартай хүн Монголдоо бүү хэл, Азидаа цөөхөн байдаг юм биш үү. Ямартай ч саяын ал­­бан ёсны айлчлалын үеэр Ерөн­хийлөгчийг  танилцуулах бүр­тээ эл намтрыг  нь  бахархал болгон   ярьж байсан америк­чуудаас  л санаа авлаа.

Манайдаа бол Ерөнхийлөг­чийнхөө намтрыг бүгд мэддэг ч ха­рийн нутагт   Монголын  нэрийн хуудас бол явдгийг анзаардаггүй  л байлаа шүү дээ. Тэд  буу зэвсэгтээ хүрч, цус асгаруулаагүй  Монголын ардчилсан хувьсгалыг Ази дахь жишиг ардчилал гэж үздэг юм байна. Одоогоос 21 жилийн өмнө Бирмд ардчилсан  хувьсгал хийхээр оролдсон  Аун Сан Су Чи гэрийн хорионд байсан бол түүнтэй яг адилхан хувьсгал хийсэн Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөн­хийлөгчөөр ажиллаж байна гэж  тодотгоод “Энэ бол Монголын Ард­чиллын загвар юм” гэсэн танилцуулга сайхан л сонсогдож байсныг хэлэх  хэрэгтэй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэр­гүүн хатагтай Х.Болормаа нарын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалыг ач холбогдлоор нь хэд хэд ангилан дүгнэж болохоор байна. Айлчлал эхэлсэн эхний өдөр Калифорни мужийн Сан Франциско  хотод хөл тавьсан.  Ерөнхийдөө энэ удаагийн айлчлал Сан Франциско, Вашингтон, Нью-Йорк гэсэн гурван том хотод өрнөсөн бөгөөд айлчлалын ажлын хэсгийнхэн нэлээд том “тулгалтад” орсон ч “хориглон хамгаалалт”-аа сайн хийх шиг санагдсан. Цагаан ордны босгыг давахын өмнөх хоёр шөнө  ямархуу хэлэлцээрүүд өрнөсөн хийгээд хэвлэлийн эрх чөлөөгөөрөө гайхуулдаг  өнөөх Америкийн  чинь  “Вашингтон пост” сонины тоймч Цагаан ордондоо хэрхэн хов зөөснийг ч энд дурдахгүйгээр өнгөрч чадахгүй.  Ямартай ч айлчлалын салхийг хагалсан эхний уулзалт гайхамшигтай байлаа. Энэ бол ал­дарт Стэнфордын их сургуульд зочилсон явдал юм. Уг сургууль сургалтын чанараараа дэлхийд хоёрдугаарт ордог гэдгийг манайхан  андахгүй байх. Тэртээ 1891 онд Калифорни мужийн захирагч асан Лиланд Стэнфорд хүүгийнхээ дурс­галд зориулан байгуулсан  энэ сургууль өнөөдрийг хүртэл  дэл­хийг шагшуулж байгаа  нь хүн чин зүрхнийхээ угаас юу ч хийсэн амжилтад хүрдгийн  нотолгоо болон оршсоор байгаа билээ.  Манай ул­сын Ерөнхийлөгчтэй алдарт сэтгэгч, судлаач профессор  Фрэнсис Фу­куяма,  Ларри Даймонд, Майкл Армакост, Стефэн Краснер, Коит Блэк­кер, Беатрис Магалони нар уулз­сан юм. Нөгөөх “Их задрал”, “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн”, “Төрийг бэхжүүлэх нь”  зэрэг  улс төр, нийгмийн тухай онолын номыг нь уншиж биширч явсан Ф.Фукуяма дүрээрээ сууж байна шүү.  Ерөнхийлөгчийн хажуугаар л “Гарын үсгээ өгөөч, хамт зургаа авахуулчихъя” гээд үсрээд байлтай нь биш тэвчихээс өөр замгүй. Харин зургийг нь л ханатлаа авлаа. Бас “Ардчиллын амин сүнс” зэрэг шилдэг бүтээлүүдийн зохиогч, ардчилал судлалаар нэрд гарсан улстөр судлаач, зохиолч, Цагаан ордон, Төрийн департамент, Дэл­хийн банк, Рузвельт Институт зэрэг газарт  ажиллаж байсан профессор Ларри Даймонд зэрэгцэж суугаад Монголын ардчиллын тухай ярилаа. Тэдний хувьд  Монгол дахь ардчиллыг их л анхааралтай судалдаг  бөгөөд  Ф.Фукуяма  бүр Монголын тухай ном бичээд бараг дуусч байгаа гэнэ.  Тэдний хувьд Монголын ардчилсан хувьсгалыг удирдаж байсан хүнтэй уулзсандаа баярлаж байгаагаа бас илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн айлчлалаас онцолж  чухалчилж үзэх  хэсэг  нь яах аргагүй энэ байлаа. Учир нь Ф.Фукуяма “Монголын ардчилал бол яах аргагүй жишээ авахуйц загвар юм. Хорин жилийн өмнө ялсан танай ардчилал зүй ёсоор бэрхшээлтэй тулгарна. Тулгарсаар ч ирсэн.  Би энэ талаар ном бичиж байгаа. Танай улс шилжилтийн үеийг маш зөв замаар туулсан. Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд танайх оршиж байна. Хүссэн, хүсээгүй Хятад улсын  эдийн засаг, улс төрийн  нөлөө дэлхий нийтэд хүч түрэн орж ирж байгаа. Ийм үед танайх ардчиллаа хэрхэн зөв залуурдаж хадгалж үлдэх вэ, бас танай улс авлигатай хэрхэн тэмцэх нь ч бас чухал шүү” гэсэн юм. Тийм ээ, энэ бол Ф.Фукуямагийн  захиас байлаа. Улам бүр хүчирхэгжин буй урд хөршийнхөө нөлөөнд тэр чигтээ уусчихалгүй Монголоороо хэрхэн үлдэж, цаг хугацаа ирэх тусам ардчиллаас мултран зугтаж буй Оросын өмнө бөхөлзөхгүй бардам байхын ухааныг бид  өөрсдөөсөө  олох нь. Яагаад гэвэл, дэлхий нийтэд урьд өмнө нь ийм жишээ, ийм туулсан зам, ийм түүх  байхгүй.  Газрын баялгаараа ертөнцийн анхаарлыг татаж байгаа энэ үед   бид ардчиллаа хэрхэн хамгаалж цаашид хөгжүүлэн авилгаасаа яаж салахаа бид өөрсдөө мэдэх юм байна. Энэ бол дэлхий нийтийн өмнө бидний бүтээх түүх байх нь.  Ардчилсан хувьсгал ялаад 20 жил өнгөрөхөд анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон манай улсын Ерөнхийлөгчид дайсан Фукуямагийн захиас энэ юм.  Дараагаар нь Ерөнхийлөгчийг  Hoover хүрээлэнгээр зочлоход үүдэн дээр нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан  алдарт Ж.Шульц өөрийн биеэр угтан тоссон билээ. Нүдэнд дулаахан, дал мөрөөрөө ялимгүй бөгтөр атлаа нэг их танил эрхэм том алгаа тосон инээмсэглэн зогсож байсан нь домогт Ж.Шульц байлаа.  Аль Рейганы үед  л Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ эрхэм өдгөө 91 насыг зооглосон гэхэд ануухан байсан шүү. Тэрбээр 25 жилийн өмнө Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол, Америкийн харилцаанд чухал хувь нэмэр оруулсан тул энэ удаа Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнуулсан. За тэгээд эл хотод Монголын консулын газар нээж, “Google” –ээр зочилж, хамгийн сүүлд хийсэн бүтээгдэхүүнтэй нь танилцсан гээд ажил их л байлаа.   Гэхдээ л   Төрийн тэргүүний Сан Францискогоос эхлүүлсэн айлчлалын гол утга учир, үр дүнг Фукуяматай холбох миний өнцөг энэ юм.  Бидний туулж, бүтээж яваа нийгмийг, манай улсын өмнө тулгамдаад буй асуудлыг яг тэр чигээр нь хэдхэн үгээр багтааж хэлсэн агуу сэтгэгчийн үг холын  хол Америкаас хамгийн ойрхон Монголд хандаж хэлсэн сургамж мэт санагдсан. Ерөнхийлөгчийн айлчлал Сан Франциско хотоос Вашингтон хотод хэрхэн өрнөсөн болон Цагаан ордон ямархуу тулгалт хийсэн зэргийг  даваа гарагийн дугаараас үргэлжлүүлэн уншаарай.

Үргэлжлэл бий 

НИЙТЛЭЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж