Хууль хэлэлцэх үеэр лобби орж ирээд байх шиг байна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хууль хэлэлцэх үеэр лобби орж ирээд байх шиг байна

Р.БУД: ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ЛОББИ ОРЖ ИРЭЭД БАЙХ ШИГ БАЙНА


УИХ-ын гишүүн Р.Будыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Жил хүрэхгүй хуга­цааны дараа 2012 оны сонгууль болно. Сонгуулиас өмнө томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхчлэн хэлэлцэх олон асуудал бий. Үүний нэг нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулга юм. Намын бүл­гүүд холимог тогтолцоо дотроо мажоритари, пропор­циональ нь ямар байх вэ гэдгийг хэлэлцэж байна. Аль нь давамгайлсан хувилбар байх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Ард түмний сонголтыг будилаангүй баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсэхэд чиглэсэн тогтолцоог бий болгох нь хамгийн чухал. Миний хувьд холимог дотроо пропорциональ нь олонхи байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоо аль болох жалга, довны үзлээсээ салж, Монгол Улсын хөгжлийн төлөө дуугарах хэрэгтэй. Ингэхийн тулд пропорциональ тогтолцоо давамгайлах нь зүйтэй. Амьд­рал баян учир гишүүд янз бүрээр л ярьж, бай­на. Ма­най намын хувьд про­пор­циональ хувилбарыг оруулъя гэдэг дээр санал нэгдсэн. Ха­рин харьцаа нь чухам ямар байх талаар зөвшилцөж байгаа. Олонхиороо ярьсны эцэст улс оронд ашигтай хувилбарыг л сонгоосой гэж бодож байна.

-Ардын намын хувьд ма­жо­ритари хувилбар давам­гай­лах хэрэгтэй гэж байгаа. Хэ­рэв мажоритари хувилбар давам­гайл­бал шинэчлэл болж чадахгүй гэх хүмүүс бий?

-Үүнийг судалж үзэх хэрэгтэй.

-Сонгуулийн тогтолцооноос гадна сонгуулийг шударга явуулах талаар хэрхэн хяналт тавьж ажиллах хэрэгтэй вэ?

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шударга явуулах талаар нэлээд хэдэн зүйл заалт оруулсан. Шударга явуулахын тулд сонгууль зохион байгуулах ажилд хүний оролцоог бага байлгах хэрэгтэй. Санал өгөх хуудсыг электрон машинаар тоолох, олон камер тавиад сонгуулийн үйл ажиллагааг хянах нь зөв. Мөн сонгуулийг санаатайгаар будилаантуулсан хүнд арга хэмжээ авч байх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заалт оруулах хэрэгтэй. Наад зах нь ажлаас нь халах зэрэг хариуцлагын асуудлыг гишүүд санаачилсныг нь зөв зүйтэй гэж бодож байгаа.    

-Парламентын гишүүдийг хуу­­лиа судлахгүйгээр хуудуутай хууль баталж байна гэх шүүмжлэл ир­гэдийн дунд их бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ер нь тун харьцангуй ойлголт юм. Монгол Улсад парламентын тогтолцоо бий болоод 20 гаруй жил болж байна. Тиймээс алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд УИХ харин ч бүтээлчээр ажиллаж байна гэж боддог. Бидэнд хууль, эрх зүйн актыг боловсронгуй болгох, зохицуулах шаардлагатай зүйл бий. Үүнийг хийхдээ хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг олон салбарыг нэг хавтгай дээр харах тал дээр учир дутагдалтай байж магадгүй. Гэхдээ УИХ-аас гарч байгаа эрх зүйн актууд боломжийн түвшинд гардаг. Чанартай хууль баталж байна уу, үгүй юу гэдэг нь хуулийн төсөл боловсруулж байгаа гишүүдийн санаачилга болон хариуцан ажиллаж буй ажлын хэсэг хэрхэн үр дүнтэй ажиллахаас шалтгаална.

-Баталсан хуулийг хэрэгжүүлэх талаар муу ажилладаг гэдэг. Үүний нэг жишээ нь бидний хэлж заншснаар “Урт нэртэй” хууль юм. Хуулийн төсөл санаачилсан гишүүд хэрэгжүүлэхээр ажиллана гэж байхад зарим гишүүн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьчихсан. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд энд асуудал байна гэж үздэг. Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хөдөө ажиллаж байхад бидний баталсан, ард түмний амьдралд нөлөөтэй, нийгмийн чиглэлийн, улс орны хөгжилтэй холбоотой зүйл заалтыг хүнд хүргэх. Тэр нь амьдралд нийцтэй байна уу гэдгийг судалж, бидэнтэй эргэх холбоотой ажиллах талаар дунд, доод шатныхан тааруу ажиллаж байна гэж харагддаг. Би “Урт нэртэй” хуулийг санаачилсан гишүүдийн нэг. Бид 47 дугаар өргөрөгөөс доош буюу мянганы замын трасс явж байгаа чиглэлээс хойд хэсгийг ашигт малтмалын орд газар хайх, ашиглахыг хориглоё гэсэн. Учир нь дэлхийн цэнгэг усны 10 хувийг агуулж байгаа Хөвсгөл далай, ой модны гол нөөц бүгд тэнд байгаа юм. Тиймээс байгалийн тэнцвэрт байдлаа авч үлдэхийн тулд уг хуулийг санаачилсан. Хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна. Энэ асуудлаар ярьж байгаа гишүүд байгаа болохоор би нэг их дуугарахгүй байгаа юм.

-Хуулийг хэрэгжүүлэх гэхээр их хэмжээний нөхөн төлбөр шаардлагатай. Үүнийг нь улсын төсөв даахааргүй гэж байгаа шүү дээ?

-Ингэж ярьж байгаа. Чухам ямар, ямар компаниуд хайгуулд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулсан юм бэ. Цаашлаад ашиглалт, байгаль орчны нөхөн сэргээлтэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулав гэдгийг нь тооцож үзэх хэрэгтэй. Ингэж байж л зөрүү нь гарч ирэх ёстой. Зарим ганц, нэг компани нь томоохон хөрөнгө оруулалт хийгээд үр дүнд хүрэх шатандаа явж байгааг үгүйсгэхгүй. Гэвч дийлэнх нь байгаль орчинд халтай зүйл хийсэн шүү. Тийм учраас байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх шаардлагатай. Миний бодлоор олонхи компани нь нөхөн төлбөр авахааргүй байгаа болов уу. Ер нь сүүлийн үед хууль хэлэлцэх үеэр лобби орж ирээд байх шиг байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан, эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хамтраад лобби оруулж ирээд байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг хууль батлах үеэр оролцуулдаггүй байх, лоббид автахгүй байх хууль эрх зүйн актыг боловсруулах хэрэгтэй. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг эргээд харахад томоохон компанийн эрх ашиг байсан. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбогдсон хуулийг батлахын өмнө олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, эрдэмтэд, хөндлөнгийн судлаачдын дүгнэлтийг гаргуулсны дараа УИХ-аар уужуу тайван хэлэлцэж баймаар байна.

-Тэгэхээр “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан гишүүд лоббид орсон гэж үзэж байна уу?

-Магадгүй гэж бодож байна. Гэхдээ үгүй ч байж мэднэ. Хуулийн дагуу УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрх нь бий. Чухам яагаад өмнөх хуулийг нь өөрчлөх шаардлага байгаа юм бэ гэдгээ бодох л ёстой. Уул уурхайн салбарыг хөгжүүлээд сайн явбал улс орон хөгжинө. Хэрэв саар явбал энд тэнд онгорхой нүхтэй үлдэж, улсын эдийн засаг доошилж, хээл хахууль дээд цэгтээ хүрдэг. Ер нь уул уурхайн салбарыг нэг хавтгай дээр харах нь л хамгийн зөв. Харамсалтай нь одоо сэг үзсэн махчин шувуу шиг л дайраад байх юм. Томоохон уурхайн асуудлыг бүсчилсэн хэлбэрээр эмх цэгц, зохистой харилцаанд оруулах хэрэгтэй. Үүнийгээ дагаад хянах зүйл маш их бий. Мөн холимог металлын ордуудын элементийг ялгаж, салгах асуудал хангалтгүй байна.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үнд­сэн чиглэлийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа. Манай улс руу мөнгөний урсгал ихээр орж байгаа энэ үед үндсэн чиглэлд нэн түрүүнд юу оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Хуулиар үндсэн чиглэл, улсын төсөв хоёрыг тусад нь баталдаг. Харин үндсэн чиглэлд тусгасан бүтээн байгуулалт, ажлыг явуулах хөрөнгө нь баталгаатай байсан үед л ажил хэрэг болно. Энэ талаар Засгийн газрын байр суурийг сонсох хэрэгтэй. Ирэх онд парламентад суудалтай улс төрийн хүчин, УИХ-ын гишүүд ялгаагүй ард түмэн хийсэн ажлаа тайлагнах гэж байна. Тиймээс энэ үлдсэн хугацаанд амласан зүйлүүдээ хийхийг зорих хэрэгтэй. Ер нь үндсэн чиглэлийг гурван тө­рөлд хуваах ёстой юм болов уу гэж боддог юм. Эхлээд хөдөө аж ахуй, тэр тусмаа малчид руугаа хандсан ажил хийх ёстой. Дараа нь Тавантолгой, Оюутолгойг урагшлуулах. Ингэхдээ өмнө нь давтсан алдааг гаргахгүй байхыг анхаарч үзэх нь зүйтэй. Сүүлд нь эрүүл мэнд, боловсролыг орхиж болохгүй. Цаашлаад улсаа эрчимтэй хөгжүүлье гэвэл 21 аймгийг нийслэлтэй холбосон замыг хурдан барьж, холбох хэрэгтэй. Ингэвэл хөдөөнөөс хот руу ирэх урсгал багасна, аялал жуулчлал хөгжих үндсэн нөхцөл сайжирна.

-Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлах үеэрээ манай улс Тавантолгойн ордыг ашиглахдаа хойд, урд хоёр хөрштэйгээ зайлш­гүй хамтрах хэрэгтэй гэж байсан. Тэр дундаа “Шинхуа” группийг дэмжих нь зүйтэй гэсэн. Та юу гэж үзэж байна вэ?

-Түүхэн хувь зохиол гэж байдаг. Маргашгүй үнэн зүйл бол урд, хойд хоёр хөрш маань шүү дээ. Тиймээс энэ хоёр хөрш улстайгаа харилцаагаа өргөжүүлэн, хамтарч ажиллах нь маш чухал юм. Ерөнхий сайдыг зөв шийдэл гаргаж байна гэж үзэж байгаа. Манай улс далайд гарцгүй. Тэгэхээр хөрш улсаараа дамжуулан нүүрсээ тээвэрлэх шаардлага зайлшгүй тулгарах асуудлын нэг. Ерөнхий сайдын тухайд нэг зүйл хэлэхэд Хөрөнгийн зах зээлийг соргогоор харж, зөв голдиролд нь орууллаа. Бид өмнө нь ганцхан банкны салбараар л ярьдаг байлаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж