АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудын лидерүүдийг Вашингтонд хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Өмнөд Хятадын тэнгисийн зөрчил маргаан, Солонгосын хойгийн хурцадмал байдал нь Азийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлж байгаа юм. Барак Обама Хятадын дарга Си Жинпинтэй тусгайлан уулзаж, Солонгосын хойгт пуужингаас хамгаалах систем байрлуулах болон Өмнөд Хятадын тэнгисийн маргааны талаар хэлэлцэх гэнэ. Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн заналхийллийг БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе болон Японы ерөнхий сайд Шинзо Абетай хэлэлцэх аж.АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтыг даргалан явуулах бөгөөд Вашингтонд олон орны лидрүүд хурах аж. Хоёр өдрийн чуулга уулзалтаар цөмийн материалууд террористуудын гарт орохоос сэргийлэх олон улсын арга хэмжээг боловсруулах гэнэ.Барак Обама Цагаан ордны тэргүүнээр ажилласан долоон жилийн хугацаанд Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлсэн боловч бүс нутгийн зөрчил нэмэгдсэн юм. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Япон, Өмнөд Солонгос улсууд Нэгдсэн улсын цэргийн хамгаалалтад илүүг төлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ASSOCIATED PRESS