Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналт эдийн засагч Штиглиц "The 1 Percent's Problem" хэмээх баялгийн тэгш бус хуваарилалтын тухай нийтлэлдээ Америкийн нийгмийн баян, хоосны ялгаа улам ихэсч хэрхэн дундаж давхарга суларч байгаа тухай сонирхолтой судалгаа гаргасныг уншлаа. Баялгийн тэгш бус хуваарилалт Монголд ямар байгаа тухай бусад улстай харьцуулан бодлоо хуваалцахаар шийдлээ.

Баялгийн тэгш бус хуваарилалт (inequality) бол дэлхийн улс гүрнүүдийн хамгийн том нийтийн бодлогын асуудал юм. Ардчилал бэхжин хөгжих, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангах гол үндэс суурь нь баялгийн оновчтой шударга хуваарилалт гэж үздэг. Америкийн нийгмийн хамгийн баян 1 хувьд нийт орлогын 1/4 оногдож нийт баялгийнх нь 40 хувь оногдож байна. Хамгийн баян 1 хувийн орлого өнгөрсөн 12 жилд 18 хувиар өссөн боловч дундаж давхаргын орлого улам багасах хандлагатай болж байгааг тогтоожээ. Жишээлбэл дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох Волмартын эзэмшигч Сэм Волтаны гэр бүлийн нийт хөрөнгө 90 тэрбум доллар болж байна. Энэ хөрөнгө нь АНУ-ын хамгийн бага орлоготой хүмүүсийн 30 хувийн нийт хөрөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

Францын эдийн засагч Томас Пикэтигийн 21 дүгээр зуун дахь капитал ном дэлхий нийтийг шуугиулж баялгийн тэгш бус байдал дан ганц Америк гэлтгүй дэлхий нийтийн асуудал болсныг баталлаа. Франц болон баруун Европын хөгжилтэй орнуудын нийгмийн хамгийн баян 10 хувийн эзэмшиж буй баялаг (капитал) нийгмийн цалингаараа амьдарч буй 50 хувийн орлогоос хол тасарч зээлийн хүүгийн хурдаар өсч байгааг нотолсон нь шуугиан тарьж эхэлсэн юм. Ингэхдээ энэхүү мега баячуудын орлого цалингаар биш түрээсээр (rent seeking) өсч газар, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн лиценз зэрэг улс төр, нийгмийн давуу талаа ашиглан олсон эд баялгийн өсөлт энгийн иргэдийн орлогоос хэдэн арав дахин өндөр байгаа нь тэгш бус байдлын бий болох үндэс болж байгаа юм.

2014 оны Кредит Свисийн (Credit Suisse Global Wealth Report) дэлхийн баялгийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 70 хувь нь 10,000 доллар буюу түүнээс доош эд хөрөнгө эзэмшиж байна. Гэтэл хамгийн элит 1 хурэхгүй хувь нь нийт баялгийн 44 хувийг эзэмшиж байгаа нь баялгийн тэгш бус байдал дэлхий нийтийн асуудал болсныг харуулж байна. Мөн Оксфам төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар 7.6 триллион долларыг Бэрмуда арал мэтийн газарт оффшор дансуудад татвараас нуун хадгалж байгааг дурджээ.

Монгол улсын хувьд баялгийн болон орлогын тэгш бус хуваарилалтын тухай нарийвчилсан судалгаа одоохондоо дутмаг байгаа харагдлаа. Хамгийн сонирхолтой нь олон улсын байгууллагуудын эдийн засгийн өсөлтийг хэмждэг ДНБ-ийн өсөлт, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ Монгол улс саяхныг хүртэл хамгийн хурдан өсөлттэй улсуудын тоонд ороод явж байлаа. Оюу толгой, Таван толгойн ордууд эдийн засгийн эргэлтэнд орж уул уурхайн салбар хүчээ авсан боловч энгийн иргэдийн амьдралд нөлөөлсөн зүйл багатай байна. Түүхий эдийн үнэ унаж эдийн засгийн хөөсрөлт алга болсноор бусад салбараа хөлдөө чирдэг үзэгдлийг Голланд өвчин гэж нэрлэдэг.

Орлогын хуваарилалтын эдийн засагт хэмждэг GINI индэкс гэж байдаг ба түүгээр бол 0 оноотой бол өв тэгш нийгэм, 1 оноотой бол хамгийн тэгш бус нийгэм гэж үздэг. Манай улсын хувьд 2012 оны байдлаар 33.8 гэсэн оноо авсан нь Англи, Швейцар зэрэг улсуудтай зэрэгцэн давхиж яваа нь энэхүү үзүүлэлт бодит байдлаас хол байгааг харуулна. 2014 оны байдлаар нэг хүнд ноогдох ДНБ 11,396 доллар байгаа нь хальт харсан хүнд хөгжилтэй орон шиг харагдахаар байна. Гэтэл 3 триллион доллараар үнэлэгдэх Монголын уул уурхайн баялгийн үр шимийг хэн илүү хүртэж, эдийн засгийн өсөлт нийгмийн аль хэсгийн карманд түлхүү орж байгааг бид мэдэх эрхтэй.

Баялгийн тэгш бус байдлын шийдэл нь баячуудаас баялгийг нь булааж ядуучууддаа өгнө гэсэн ойлгол биш юм. Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон бялууны зүсмийг хэдхэн гэр бүл, олигархууд эзэмшиж хүртэж суух биш харин шударга, оновчтой хуваарилах зөв төрийн бодлогоор зохицуулах ухаан юм. Бялууны зүсэм иргэн болгонд арай том байх боломжтой. Баялаг хэт цөөн хүний гарт төвлөрснөөр нийгмийн тогтворгүй байдал үүсч иргэдийн төрдөө итгэх итгэл алдардаг. Тэгш бус нийгэм бидний өнгөрсөн 25 жилд бүтээсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чинээлэг нийгмийг бүтээх Монгол мөрөөдлийг мохоож байгаа нь харамсалтай.

Бид өнөөдөр олон улсын хөрөнгийн биржээс, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгож, татварт олон тэрбум төгрөг төлж байгаа үндэсний томоохон компаниуддаа дэмжин босгож ирэх хэрэгтэй. Өөрийн хөдөлмөр, авъяас, чадвараараа баялаг бүтээж чинээлэг амьдарч байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлж Зайсанд болон Дамбадаржаад амьдарч байгаа хоёр хүний амьдралын ялгааг арилгах хэрэгтэй байна. Ядууралтай тэмцэх тулд тэгш бус байдалтай тэмцэх хэрэгтэй байна.

Монголын ирээдүйн хөгжлийг хойш татаж буй гол шалтгаан нь бидний бүтээсэн улс төрийн тогтолцоо, сонгосон улс төрчид болж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч хоёр идэхгүй хоосон хонохгүй, цувдаагаар хооллож өвөлдөө утаанд хоолой хорсож амьдарч байхад зарим нь сая доллараа гадны банканд мартаж, 400,000 ам долларын цаг зүүж чадаж байгаа нь Монголын нийгэм хэр тэгш бус болж баян хоосны ялгаа бий болсны тод жишээ юм.

Тэгш бус байдал нь зөвхөн орлого, баялагийн тухай ойлголт биш бөгөөд боловсрол, эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах, хууль шүүхийн тогтолцоо зэрэг олон салбарт тэгш боломж олгодог тогтолцоог бүтээх хэрэгтэй байна. Эдийн засгийн эрх чөлөө, баялаг бүтээж чинээлэг амьдрах тэгш боломжийг ханган ажиллах төрийн оролцоо дутагдаж байна. Бид Америк болон барууны орнуудын хөгжлийн загварыг сохроор хуулж болохгүй, Монгол өөрийн гэсэн хөгжлийн стратеги, бодлоготой боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Сингапурын хөгжлийн нууцын нэг жишээ нь иргэдээ цалингийнхаа 36 хувийг ирээдүйн санд хуримтлуулахыг хуульчилснаар өнөөдөр Сингапурчуудын 90 хувь нь орон сууцны зээллэгт хамрагдаж чадсан бөгөөд өндөр орлоготой нь бага орлоготойгоосоо ялгавартай хувиар хадгаламжийн санд илүү хувь оруулж бага орлоготой хэсгээ чирч явах бодлого явуулсантай холбоотой.

Тэгш бус байдлыг хазаарлаж баялгийн оновчтой хуваарилалтын бий болгохын тулд бид сонгуулиа хариуцлагатай өгөх хэрэгтэй байна. Өнгөрсөн 25 жилд Монголчууд бид ядуугийн зовлонгоосоо болж бэлэг сэлт тарааж, санал худалдаж авсан хүмүүсийг сонгож ирснээс болж тэдгээр улс төрчид өөрсдийн бизнесийг ахиулж нийгмийн 1 хувьд үйлчилж ирсэнд асуудлын гол оршиж байна. Тиймээс улс төрийн сонгуульд боловсрол, мэдлэг, хүмүүжил, бас хийх гэж байгаа бодлого, санаачлагыг нь үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй болж байна.

Уул уурхайн баялгаа ашиглаж Монгол хүнээ хөгжүүлэх төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Харвард, Стэнфорд, Иэль шиг дэлхийн шилдэг сургуулиудыг Монголдоо төрүүлж бойжуулан мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох шаардлагатай байна. Өндөр боловсролд хөрөнгө оруулсан орнууд өнөөдөр хамгийн сайхан амьдарч байна.

Байгалийн баялгийн татварын оновчтой тогтолцоог бий болгох замаар уул уурхайгаас орж ирэх орлогын тодорхой хувийг ирээдүйн санд төвлөрүүлж хуримтлал үүсгэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжинд зарцуулах нь тэгш боломжит нийгэм бүтээхэд голлох үүрэгтэй. Баялгийн сан бүрдүүлж улс төрчид хувааж иддэг биш улс орныг хөгжүүлэх, хувь хүн гэр бүлийн түвшинд баялаг бий болгох салбаруудад хөрөнгө оруулж бизнесийн эко орчинг (local cluster development) бүрдүүлж Монгол айл бүрийг чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Хувийн хэвшлээр дамжуулан инноваци, энтрпёнэршипийн хөгжлийг дэмжих замаар бизнесийн таатай орчныг бүрдүүлэн ажлын байр бий болгож Монгол хүний үнэ цэнийг өсгөх төрийн бодлого шаардлагатай байна. "Shared value" буюу нийгмийн үнэ цэнийг бий болгохын тулд хувийн хэвшил нийгмийн хариуцлага илүүгээр үүрч ажиллах нь тэгш боломжит нийгмийг бүтээхэд голлох хувь нэмэр болох учиртай. 1 хувийн төлөө биш 99 хувийн төлөө ажиллаж чадах төрийн институци, улс төрийн тогтолцоог бий болгоё! Ингэхийн тулд тэгш бус нийгэмтэй тууштай тэмцэж нийгмийн 99 хувьд баялаг бүтээх эдийн засгийн эрх чөлөөг олгож чадвал Монгол улс маань хөгжих болов уу гэж өчүүхэн би бодном. Та саналаа бичээрэй!

Хүндэтгэсэн: Б.ОТГОНБАТ

Кэмбриж хот, Массачусэттс муж

2016.03.22

Зургийн эх сурвалж: http://www.global-economic-symposium.org

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж