Иргэдийг нүүлгэн шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд гурван хоног үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан айл, өрх, албан байгууллагуудаас дуудлага олноор ирж, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, Мэдээлэл шуурхай удирдлагын төв өндөржүүлсэн бэлэн байдалд, 24 цагийн турш үүрэг гүйцэтгэсэн байна.  Лхагва гаригт үер, устай холбоотой нийт 22 дуудлагыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хүлээн авснаас Баянзүрх дүүрэг хамгийн олон дуудлага өгчээ. Өчигдөр үдээс хойш тус дүүргийн 10 дугаар хорооны Б хэсгийн 15 айл усанд автсан байсан тул онцгой байдлынхан трактороор хашааны хажуугийн шороог ухан сэтэлж, тогтсон усыг урсгасан байна. Мөн 18 дугаар хорооны 84 дүгээр сургуулийн урд талын замд 50 см-ийн гүнтэй ус тогтож, автомашинууд усанд суусан байсныг гаргажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн аюулын үед бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс Баянзүрх дүүргийн 14, 44, 53, 55, “Шавь” цогцолбор сургуулиудын хурлын танхим, спорт заалуудыг чөлөөлж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг урьдчилан хангасан байна.

Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр цаашид нийслэлийн хэмжээнд 24-ний өдрөөс эхлэн дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж үерийн аман дээр буусан айлууд нүүх,  дуу цахилгаантай борооны үеэр бага насны хүүхэд, хэвтрийн өвчтэн, өөрөө явах чадваргүй хүмүүсийг харгалзах хүнтэй байлгах, гол мөрний усны түвшин дээшилсэн энэ үед голын эргээр  буудаллахгүй байх, мал  оруулахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж