Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны урилгаар энэ сарын 26-ны өдөр гурван улсад ээлжлэн зохион байгууллагддаг “Монгол, ОХУ, БНХАУ-ын таван мужийн аялал жуулчлалыг зохицуулах хурлыг Монгол Улсын Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчоо, ОХУ-ын Өвөр Байгаль хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын товчоо, ОХУ–ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын газар хамтран гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.Энэхүү хурал нь жил бүр Монгол, Орос, Хятад улсуудын бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эртний уламжлалт “Цайны зам”-ын аяллын замналыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хоёр хөрштэйгээ хамтран үндэстэн дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх, гурван улсын болон Евро-Азийн аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгон дэлхийн зах зээлд гаргах, хил орчмын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгууллагддаг.Энэ удаагийн хурал нь манай орны хувьд хоёр их хөршийн хооронд “гүүр” болох өргөн боломж буйг илтгэснээрээ онцлог болж байна. Түүнчлэн гурван улс хамтран аялал жуулчлалын зах зээлд нэгдсэн маркетингийн бодлогыг хэрэгжүүлэх, Улаанбаатар хот дөрөвдөгч орнуудын жуулчдыг гурван улс дамнуулан аялуулах үүд хаалга болох боломжтойг цохон тэмдэглэсэн юм.
Хурлыг нээж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга ноён Жин Жиа Нин, ОХУ-ын төлөөлөгчдийг төлөөлж Зайбайкальск районы Аялал жуулчлалын газрын дарга ноён Тутов Антон Витальевич нар үг хэлсэн бөгөөд БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “Монголын улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал ба хил дамнасан аяллын боломжууд” сэдэвт илтгэл, “БНХАУ-ын Цайны замын аялал жуулчлалын талаар хэрэгжүүлж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдэвт илтгэлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга ноён Жин Жиа Нин, Цайны замын аялал жуулчлал ба Улаанбаатар хотын аялал жуулчлал” сэдэвт илтгэлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Иркутскийн цайны замын аялал жуулчлал” илтгэл, “Time of Wanderings” компанийн ерөнхий захирал хатагтай Ерошенко Людмила Владимировна, “Их цайны замын Буриад” илтгэл Буриадын аялал жуулчлалын олон нийтийн зөвлөлийн гишүүн Дмитриев Вячеслав Викторович, “Цайны зам ба Улаан-Үүдийн аялал жуулчлал” илтгэл Улаан-Үүдийн аялал жуулчлалын олон нийтийн зөвлөлийн гишүүн Жалсараева Баярмаа-Рада нар дээрх сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, харилцан санал солилцсон үр дүнтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Хурлаар талууд 2015 оны хурлын протоколын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хамтран ажиллах зорилго болон тодорхой саналыг судалж, асуудлуудыг хэлэлцэж тохиролцсон бөгөөд Монгол Улс, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын таван мужийн аялал жуулчлалын зөвлөлдөх хурлын 2016 оны протоколд гарын үсэг зурлаа.
Холбоотой мэдээ