Засгаас засагт өвлүүлсэн өр

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Засгаас засагт өвлүүлсэн өр

2008 оны хаврын нэгэн нартай өдөр Ардчилсан нам сонгуульд явбал нэг сая төгрөгийн хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлнэ гэсэн лут мөрийн хөтөлбөр гаргаж ирсэн нь гол өрсөлдөгч нь болсон МАН-ынхныг “Сонгуулийн хууль зөрчиж байна” хашгирахад хүргэв. Энэхүү амлалтыг хууль зөрчиж, иргэдийн саналыг луйвардах гэж үзэж байна. Огтоос боломжгүй гэж ам уралдан “улаантнууд” ярьж байсан ч МАН-ын дарга С.Баяр бас нэгэн өдөр өөрсдийнхнөө мэл гайхаж, цэл хөхөртөл гэнэтийн нэгэн бэлэг барьсан нь “МАН иргэн бүрт 1,5 сая төгрөг өгнө” гэх хачирхалтай амлалт байлаа. ДНБ, эдийн засгийн нөөц бололцоогоо бодвол биелэх ямар ч боломжгүй гэж байсан нөхөр бүр давуулж амлаад 1,5 сая төгрөг бэлнээр тараах тухай ярьж эхлэнгүүт намынхан нь учраа ойлгоогүй ч “Михиалд нэг бодол вий” гэж амандаа бувнасаар алга ташицгаасан юм. Логик талаас нь аваад үзвэл 1,5 сая төгрөг боломжгүй зүйл байсан. Одоо ч тийм гэдгийг өнөөдрийн жишээ харуулна. Гэсэн ч түүнд итгэсэн монголчууд тэдэнд олонхийн суудлыг /Үнэндээ сонгох эрхийг нь МАН луйвардсан гэж эсэргүүцэн жагсч, түүхэнд хараар тэмдэглэгдэх долдугаар сарын 1 гэх өдөр бий болсон юм/ өгсөн билээ.

Харин МАН-ынхан үймээний дараа Ардчилсан намын амыг барихын тулд засагтаа хамтрах урилга явуулж, АН ч өгөөшийг нь үмхэж “МАНАН” бий болсон. Ингээд сонгууль ойртох тусам боломж, бололцоогүй амлалт нь өдрийн бодол, шөнийн зүүд болох нь тэр.   

Ингээд Засгийн газар амлалтаа биелүүлэхийн тулд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.долларыг зээлж, түүнийгээ нүүрсээр барагдуулахаар гэрээ байгуулсан.

Тодруулбал, Хятадын Чалко компанид нийлүүлэх нүүрсний борлуулалтаас орлогоос 2011 онд урьдчилж авсан 250 сая ам.доллар, 2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол 5 болон 7 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл авсан билээ. Харин энэ мөнгийг тухайн үеийн эрх баригч буюу МАН үйлдвэр, бүтээн байгуулалтаас зарцуулахаас илүүтэй амлалтаа биелүүлж, араа бодон иргэдэд бэлэн мөнгө тараасан. Энэ мөнгө иргэдэд тус болохоосоо илүү ус болж бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, эдийн засагт маш хортойгоор туссан ч тэд амлалтаа биелүүлсэн болоод өнгөрсөн. 

…Тэд харин өнөөдөр сөрөг хүчний байр сууриас Засгийн газрыг эрс буруутгаж “Ирээдүйдээ өр үлдээлээ” гэж дараагийн сонгогдох “пи-ар”-аа хийж суугаа. Хэрэг дээрээ тэдний  “Чалко”-д тавьсан өрийг Н.Алтанхуягийн болоод Ч.Сайханбилэгийн Засгийн газар барагдуулж суугаа.  2012 онд МАН өөрсдийн амласан 1,5 сая төгрөгийн үлдэгдэл болох нэг сая төгрөгийг Ардчилсан намын амлалт болох нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаатай нийлүүлээд хоёр бус нэг сая төгрөг эсвэл түүнтэй дүйцэхүйц хувьцаа ав гэсэн хачин утгагүй юм ярьж байсныг санаж буй биз. Тиймээс байнгын хувь хишиг хүртэх гэсэн нь нэг сая төгрөгөө авахаас татгалзаж байсан. Ийм л хорлонтойгоор улсаа хорлосон. Харин болохоор өөрсдийн чинь сонгосон сонголт өнөөдөр ийм байдалд эдийн засгийг орууллаа гэж иргэдийн тархийг угааж суугаа. Үнэндээ тэдний дахин сонгогдох гэж тавьсан түймрийг өнөөдөр цурмалсан төдий л байна. Энэ Засгийн газрын үед унтарч, хөрс шороонд нь өвс, тэжээл ургах эсэх нь эргэлзээтэй л байна.

Одоогийн эрх баригчид ч ялгаагүй. Тавантолгойг гацаасны гайг нь дараагийн Засгийн газар үүрнэ. Сонгуулийн дүнд хэн ялахаас эх хамаараад байгуулагдах засаг 1992 оны Засгийн газрын дайны хүндхэн эдийн засагтай нүүр тулна гэж эдийн засагчид хэлж байгаа.

Тиймээс өөрсдөө гарахаар өр тавьж, улсаа хохироочихоод, унахаараа буруугаа бусдад чихдэг хөгийн зангаа улстөрчид болих цаг нь болсон мэт санагдана. Тиймгүйгээс аливаа Засгийн газар өөрийн цаг хугацаанд бодлого шийдвэрээ тодорхойлж,  холыг харсан шийдвэр гаргах ямар ч боломж алга. Өмнөх засгийн өрийг төлөхөөр хойшоо харж яваа улс яаж урагшаа харах вэ дээ?

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж