Ээлжит бусын элдэв өмнөтгөл

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Ээлжит бусын элдэв өмнөтгөл

Ээлжит бусын элдэв өмнөтгөл

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр зарласан. Хэлэлцэх гол асуудал нь уг нь Монголын улс төрөөс хальсан асуудал юм. Хэлэлцэх асуудлыг албан үгээр томъёолбол Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл юм.

Энэ сарын 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт болох юм. Энэхүү чуулга уулзалт АНУ-ын санаачилгаар 2010 оноос хоёр жил тутам зохиогдож байгаа бөгөөд энэ удаагийн дөрөв дэх чуулган зорилгоо гүйцэлдүүлж чадвал сүүлийнх болох учиртай. Ийм чуулган хийх санаачилгыг 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэвшүүлэн тавьж, 2010 онд анхны чуулганыг мөн Вашингтон хотноо хийж байсан юм. Тухайн үед дөрвөн жилийн хугацаанд гурван удаа чуулган хийж, дэлхий ниймийг цөмийн аюулаас найдвартай бүрэн хамгаалах, улс орнуудын түншлэлийг бий болгох зорилт тавьж байсан ч 2014 онд Нидерландын Гаага хотноо болсон гурав дахь чуулганаар зорилгодоо хараахан хүрээгүй байгаа учраас дөрөв дэх чуулганыг хийх саналыг АНУ гаргаж, өөрийн улсдаа зохион байгуулах үүргийг хүлээсэн. Энэ хооронд 2012 оны чуулган БНСУ-ын Сөүл хотноо болжээ. Харин эхний гурван уулзалтад Гадаад хэргийн сайдын түвшинд тасралтгүй оролцож ирсэн ОХУ дөрөв дэх удаагийн чуулганы “үр ашиггүй” гэж үзэн оролцохгүй гэдгээ 2014 онд мэдэгдэж байсан юм. Гэхдээ тухайн үед Крымийн асуудлаас болж ОХУ, АНУ хоёрын харилцаа ид хүйтэрч байсныг санах хэрэгтэй. Оросууд Вашигнтонд очих талаар албан ёсны мэдээ хараахан гараагүй байна.Энэ удаагийн дөрөв дэх чуулганд 50 гаруй орны төрийн тэргүүн оролцох гэж байна. Энэ дунд манай урд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Казахстаны “мөнхийн” ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, БНСУ-ын Пак Гын Хе, Японы Шинзо Абе нар байгаа. Энэ долоо хоногт болох Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ажиллах хүсэлт тавьсан.

Дэлхийн улс орнууд энэ конвенцод нэгдэн орсоор байгаа ч хүчин төгөлдөр болоход есөн орны санал дутаж байгаа юм. Тиймээс Монгол улс энэ асуудалд анхаарал хандуулж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах зорилгоор ээлжит бус чуулгын зарлаж цөмийн асуудлаарх конвенц, протоколуудад нэгдэн орох гэж байна. Нэн ялангуяа энэ он гарсаар Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршиж, хоёр ч удаа пуужин харваж дэлхийн амар амгаланг эвдээд байгаа энэ үед цөмийн асуудлаарх Азийн бүс нутгийн орнуудын нэгдмэл байр суурь чухал байгаа.  Харин энэ асуудал Монголын улс төрийн элдэв аашийг давж гарч чадахгүй байж магадгүй болоод байна. Өмнө нь хоёрдугаар сард зарласан ээлжит бус чуулганыг бойкотлож байсан МАН мөн өмнөх үйлдлээ давтана гэсэн чимээ чих дэлслээ. Ээжлит бус чуулган зарлаж хэлэлцэх асуудлын тов гарсан өдрөөс буюу өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригаас “цөмийн хаягдлыг Монголын газар нутагт булах санаархлаа баталгаажуулах гэнэ, мартагдсан сэдэв эргэн сэргэлээ” гэсэн мессежүүд нийгэмд түгэж эхэлсэн. Иргэний нийгмийнхэн ч байр сууриа илэрхийлээд авлаа.Олон улсын конвенц гэдэг бол олон улсын хууль.

Конвенцод нэгдэн орно гэдэг бол энэ хуулийг сахиж мөрдөнө гэдгээ илэрхийлж буй хэлбэр. Харин энэ бол Монголын улс төрөөс ч илүү  ойлгомжтой тоглоомын дүрэмтэй зүйл. Дэлхийн улс орнууд нийлээд Монголд цөмийн хаягдал булшлах үүргийг бидэнд хүчээр хүлээлгэх гээд байгаа юм шиг сэтгэж байгаадаа ичих ёстой.Тэмээ гэхээр ямаа хэмээн зөвхөн эсэргүүцэж л байвал иргэний үүрэг гэж ойлгодог хүмүүс улам олширсоор. Тэмээ гэснийг ямаа гэж хэлэхийн тулд эрдэм ном сурахын ч хэрэггүй, зөвхөн идэж уугаад эсрэг тэсрэг үг цээжлээд сууж байвал болоо биш үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж