Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулсан заалт шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулсан заалт шаардлагатай

Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, проф. Д.Галсандорж:

Ашигт малтмалын тухай хууль үүргээ тодорхой  хэмжээнд л гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ хууль зөвхөн лиценз эзэмшигчдийн үйл ажиллагааг   зохицуулдаг. Уул уурхайн компаниудын эрдсийг олборлох, боловсруулах үйл ажиллагаа гэж байдаг. Үүний дараа металургийн үйлдвэрүүд бий болно. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд   гарч ирнэ. Эдгээр уул уурхайн шат дамжлага бүрийн  үйл ажиллагааг захицуулах оновчтой бодлого, зайлшгүй шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд дутагдаад байгаа зүйл бол баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг яаж зохицуулах, цаашдаa  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг тодорхой болгох явдал. Зэс хайлах, нүүрс угаах, кокс, хими, хар төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, эрдсийн түүхий эдийг хаягдалгүй боловсруулах, гадаад зах зээлд хэрхэн борлуулах эрх зүйн орчин дутагдаж байна.  Төмрийг хүдрээр нь, баяжмалаар нь хилийн чанадад гаргаж байна. Сүүлийн 35 жилд  зэсийг баяжмалаар нь гадагш зөөлөө. Зэсийн 24 хувийн агуулгатай  баяжмал, цайрын 51 хувийн агуулгатай  баяжмал урд хөрш рүү гарч байна гээд бод доо. Тэр ч байтугай 75-95 хувийн агуулгатай  жоншны баяжмалыг  ч дөчин жил ОХУ  руу зөөж байна.  Эрдэс түүхий эд, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах талаар Ашигт малтмалын тухай хуульд огт тусгагдаагүй. Зэсийн болон цайрын баяжмалын экспортын үнэлгээ аргачлал олон улсын стандартын дагуу хийгдэхгүй байна. Чили болон Австралийн үйлдвэрүүд зэсийн баяжмалаа борлуулдаг гэрээний загвартай. Угаасаа зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байж чаддаггүй. Харин цэвэр зэсийн үнэ Лондоны металын бирж дээр тонн нь 8000-9000 ам.доллар болж өсч байгаа. Зэсийн 24 хувийн агуулгатай баяжмалын үнийг Татварын ерөнхий газар хэрхэн тогтоодгийг хэлье. 24 агуулгыг 100 гэсэн тоонд хуваагаад, үүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр үржүүлсний эцэст нөөц ашигласны 5 хувийн төлбөр авч байгаа. Дэлхийн зах зээл дээр зэс олборлогч үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хоорондын наймаанд  баяжмалын хайлах, цэвэршүүлэх зардал гэж байдаг. Үүнийг дэлхийн практикт хасч байхад, манай татварынхан борлуулалтын орлогод оруулаад  тооцож байгаа. Энэ бол буруу практик гэж хэлэхээс аргагүй.

“Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалд мөнгө, молибден  байгаа. Оюутолгойн зэсийн баяжмалаас мөнгөнөөс гадна алт, молибден гарч ирнэ. Эдгээр ашигтай элементийг ч нэмж тооцох хэрэгтэй. Үүн дээр зэсийн баяжмал тээвэрлэсний зардлыг бас хасна. Барууны компаниуд 95 хувийн төлбөр хийж байж баяжмал авдаг. Баяжмал худалдан авагчид хүрсний дараа буюу 2 сарын дараа  5 хувийн тооцоо хийдэг гэсэн үг.

Манай Сангийн яам, Татварын Ерөнхий газрын хэрэглэдэг ашигт малтмал дахь  экспортын үнэлгээ аргачлал олон улсын стандартад хүрэхгүй. Олон улсад нэр хүндтэй Рио-Тинто компани Оюутолгой ордыг 2013 оноос ашиглахдаа мэдээж олон улсын зарчмаар л эцсийн төлбөр тооцоогоо хийх байх.

Иймээс  манай улс эрдсийн үнэлгээ хийх аргачлалаа олон улсын стандартад хүргэх нь зүйтэй. Миний бодлоор Ашигт малтмалын тухай хуулийг лицензийн зохицуулалтаар нь хэвээр үлдээгээд, цаашдаа уул уурхайн олон төрлийн  үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуультай болох нь чухал гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж