“Шувууны үүр”-ний эзэн суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

“Шувууны үүр”-ний эзэн суллагдлаа

Хоёр сар гаруй хоригдсон Хятадын зураач Аи Вэй Вэйг өчигдөр барьцаагаар суллан гаргалаа. Эрх баригчдын эсрэг, тэдний бодлогыг шүүмжилсэн ганц ч үг амнаасаа унагахгүй байх хатуу болзолтойгоор. “Би юу ч хэлж чадахгүй, яагаад гэвэл барьцаанд байгаа” хэмээн тэрбээр гэрийнх нь үүдэнд цугласан дотоод, гадаадын олон сэтгүүлчид мэдэгджээ.

Хятадын удирдагчийн Европт хийх айлчлалын өмнөхөн түүнийг ийнхүү суллалаа. Европын орнууд, ялангуяа Берлин, Лондон зэрэг нийслэлүүд авьяаслаг уран бүтээлчийг суллахыг удаа дараа шаардсаар байсан юм. Харин өмнөд хөршийн төв хэвлэлүүд “Аи Вэй Вэйг хийсэн хэргээ ухааран, гэм буруугаа мэдэрсэн, мөн архаг хууч өвчин нь сэдэрсний улмаас сулласан” хэмээн цагдаагийн эх сурвалж мэдээлснийг дамжуулж байна. Түүнийг их хэмжээний татвараас зугтсан хэрэгт буруутгаж байгаа гэж урьд өмнө цагдаагийн зүгээс тайлбар өгч байсан. Гэвч гэр бүлийнхэн нь Хятадын эрх баригчдын хатуу цензурыг шүүмжилснийх нь төлөө түүнийг улс төрийн зорилгоор хорьсон хэмээн мэдэгдсээр байсан билээ.

Олон улсын хурц шүүмжлэл байгаагүй бол түүнийг ийнхүү суллахгүй байсан хэмээн хүний эрхийн шинжээчид мэдэгдэж байна. Тэрбээр маш их турж эцсэн байдалтай харагджээ. ХБНГУ-ын Канцлерын хэвлэлийн төлөөлөгч Аи Вэй Вэйг барьцаанд гаргасан нь зөвхөн эхний алхам, түүнийг бүрэн дүүрэн эрх чөлөөтэй болгож, хэргийг нь хаах хэрэгтэй гэж мэдэгдэв. Берлиний Урлагийн их сургууль Аи Вэй Вэйг багшлахыг урьсан байсан юм.

Аи Вэй Вэйг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 03-нд Хонконг руу нисэх гэж байхад нь Бээжингийн нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан юм. Бээжингийн Олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг бүтээснээр нь түүнийг хүмүүс илүүтэй мэднэ. Харин тэрбээр Европт орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүдээрээ ихэд алдартай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж