Ази, Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монголд АСЕМ зохион байгуулахтай холбогдуулан зарим нэг зохицуулалтыг хийж байгаагийн дотор АСЕМ-ийн өдрүүдэд хувийн авиакомпаниудын нислэгийг түр зогсоох шийдвэр гарсан. Чингис хаан нисэх онгоцны буудлын онгоц хүлээн авах чадамжтай холбоотой гарсан энэхүү шийдвэрийг хувийн компаниуд таатай хүлээн авахгүй байгаа юм. Тухайлбал, “Хүннү эйр” компанийн захирал Д.Мөнхжаргал “Энэ зун Монгол Улсад АСЕМ зохион байгуулахтай холбогдуулан хувийн авиакомпаниудын нислэгийг түр зогсоохоор шийджээ. Энэхүү шийдвэрээс үүдэн жуулчдын ид ирж очдог үед, хамгийн боломжийн улиралд бид ямар ч ажилгүй, ашиг орлогогүй зогсох болчихоод байна” гэсэн саналыг өчигдөр болсон Зам тээврийн сайдын зөвлөлийн хурлын үеэр хэлсэн байна.
Түүний саналыг хариуд Зам тээврийн сайд М.Зоригт “Зуны жуулчдаа мартаж болохгүй. Долдугаар сард Монголд жуулчид маш их ирдэг. Энэ асуудлыг шийдэж болно. Би Батлан хамгаалахын сайдтай уулзаж Налайхын аэродромыг долдугаар сард хувийн авиакомпаниудад түр ашиглуулах талаар ярилцъя. Энэ асуудлыг шийдэгдсэнд тооцож болно” гэсэн хариу өгсөн байна.
Д.ЦЭЭНЭ