Амиа золиослогч 69 хүний амийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Амиа золиослогч 69 хүний амийг хөнөөжээ

 

Пакистаны зүүн хэсгийн Лахор хотноо олон хүн цугласан “Gulshan-e-Iqbal”  цэнгэлдэхэд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 69 хүн амь үрэгджээ. Хүмүүс гэр бүлийнхээ хамтаар улаан өндөгний баярыг тэмдэглэж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Дэлбэрэлтийн улмаас 200 орчим хүн гэмтэж бэртэн, сураггүй болжээ. Хохирогчдын олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд аж. Дэлбэрэлтэд олон хүн гэмтсэнээс хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон байна. Түүнчлэн айж сандарч, үймсэн хүмүүсийг зохицуулахаар армийн цэргүүдийг цэнгэлдэхэд дууджээ. Пакистаны цагдаагийнхан дэлбэрэлтийн шалтгааныг амиа золиослох халдлага гэж мэдэгдсэний дараа Талибаны нэг салбар “Jamaat-ul-Ahrar”  хариуцлагыг хүлээжээ. Пунжаб мужийн захиргаанаас гурван өдрийн гашуудал зарласан байна. Пунжаб нь Пакистаны хамгийн том газар нутагтай, чинээлэг муж аж. Пакистанд Талибан бүлэглэлтэй холбоотой халдлага, хүчирхийлэл гарах нь элбэг байдаг юм.

 

Үүний зэрэгцээ Пакистаны нийслэл Исламабадад Мумтаз Кадри гэгчийг дэмжигч олон мянган хүн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Жагсагчид Мумтаз Кадрийг үндэсний баатар хэмээн өргөмжилжээ. Мумтаз Кадри нь таван жилийн өмнө  Пунжаб мужийн захирагч Салман Тасеерийн амийг хөнөөсөн хэргээр өнгөрсөн сард дүүжлүүлсэн юм. Тэрбээр Христийн шашинт эмэгтэйд оноосон хэргийг эсэргүүцэн мужийн захирагчийн амийг хөнөөсөн аж.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж