Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Тэдний шүлэг

“Хүмүүс өөр болжээ”. Энэ үгийг Виржиния Вульф орчин цагийн уран зургийн үзэсгэлэн үзэж ирээд хэлсэн гэдэг. Үнэхээр тэр цагт Баруун Европт хүмүүс асар өөр болж байжээ. Сайн муу аль ч талаараа хүний мөн чанар хувьсан өөрчлөгдөж байлаа. Гайхамшигтай өвөрмөц шинэ сэтгэлгээ урган төлжиж байсан тэр цагийн “ҮЗЭГДЛҮҮД” өнөөдөр бидний амьдралд давтагдаж буй мэт үе үехэн санагдана. Хүмүүс их өөр болжээ. Тэдний эргэн тойрны юмс үзэгдлийг үзэх харах тал өнцөг, төсөөллүүд ч хамгийн төгс логик зарчмуудыг ч үгүйсгэхэд хүргэж байна. Эвдрэнгээ бүтэж, бүтэнгээ эвдрэн ахуй жам болоод зүй ёс ч заримдаа онолын математикийн хүрээнд ч оюун санааны ертөнцөд дэх урьдын яв цав тооцооллууд ч бүрэн эвдэгдэж байна. Тэд гэж чухам хаанаас ирээ вэ? Юунаас төрөө вэ?

Үнэхээр шинэ хүмүүс огт өөр болж байна. Хувь амьдрал сонирхол, элдэв таашаал, альтернатив хүслүүдийг нь тодорхойлж хэлэхэд толгой хүрэхгүй юм. Харин тэдний шүлгүүд одоогоор хэн ч бүрэн тодорхойлж чадаагүй Жонн Донны үеийн “метафизик” яруу найрагчдаас илүү “хачин” ангид этгээд чөлөөт замналтай болжээ. Зүйрлэвэл Сальвадор Далигийн сюреалист зургийн харь хахь атлаа “танил дотно” ахуй, өнгөний задралууд, бас уусалтууд, материудын шинж чанараа алдах агшин, хугарлууд, гэрээслэгч, наминчлагч, гэсгээгдэгч, номлогч “ДҮРҮҮД”, сонгодог таашаалыг үгүйсгэгч, эрт галавын байж мэдэх зүүд, орон зайг орлуулж болох зүйлийг эрэлхийлэх оролдлогууд тэдний шүлгүүдэд зонхилно.

Хамаг бүгдийг өршөөлөөс гадуур харах хэцүү биш. Нүгэл хилэнц, ад хүслийн эрхээр яваагаа тэд биднээс ч илүү мэддэг. Шүлгүүд нь биднээс хэд дахин илүү “НАМИНЧЛАГЧ” чанартай. БУРХАН бий эсэхэд бид нар шиг эргэлзэж өссөн гэх ямар ч ул мөр тэдний “ОЮУН САНААНД” байхгүй. Товчхондоо тэд төрөхдөө л бурхан бий гэдгийг мэддэг байсан мэт өршөөл нигүүлсэл, хайр энэрлийн тухай, гэсгээл шийтгэл “ГЭМ ЗЭМ” / Ф.М. Достоевский / гарцаагүйг номлосон байна.

Сансарт улбар ягаан үүлс нүүх, хий хоосон тавцантай ширээ тойроод сахиусан тэнгэрүүд зөвлөлдөх, навчис хуйлран эргэлдэхдээ нулимс унагаадаг болохыг олж хараад бидэн шиг олзуурхан дуу алдахгүй. Анхнаасаа л тэр бүгдийг мэддэг байсан мэт энгийн дүрслэлүүд, эсвэл илэрхий гажуу зураглалуудаар илэрхийлнэ.

Үүлс салхины аясаар нүүж байдагт бид итгэдэг бол тэд үүлс нүүх газраа шийдээд салхи түүнд захирагдаж байдаг гэж сэтгэнэ. Одод тэнгэрийн энгээр жирвэлзэж байдаг гэж бид үздэг бол тэд тэнгэр ямар оддыг жирвэлзүүлэхээ өөрийн тааллаар зохицуулдаг гэж үзнэ. Дэлхий ертөнц хийгээд буй бүхнийг далдын хүч зохицуулж байдаг тухай итгэмээр шүлэглэсэн байдаг. Хэт алс холын мэт санагдах зүйлсийг ч их ойрын болгож дүрсэлнэ. Моддыг үндэсгүй гэж харах бол хэвийн. Модод агаарт ургадаг, модод шувууд шиг нисэлддэг, хайлан урсаж буй зүрх шоколад шиг амттай байх ч юм уу, ган хадаас утас шиг уян байх зэрэг нь сюреалист уран зургийн олон задралуудыг бидэнд сануулна.

Эсвэл биднээс арай өөр өгөгдөлтэй зүүд, зөн совин, хий сэрлүүд тэдний шүлгүүд “Оройн аалз найдвар төрүүлнэ /С.Дали / шиг жигтэй зохиомж, хийсвэр сэтгэлгээний хэл тэмдэгтүүдээр баялаг. Өнөө “хүн өөр болжээ” гэдэгтэй адил тэдний зүүд хүртэл бидний хэт бодотчилохуйн хамааралтай зүүдний сэтгэмжүүдээс ялгарна. Харагдаж үзэгдээгүй дүрс, нийлмэл шинж, ямар нэгэн зүйлийн хуулбар байхаас аргагүй санагдах догдлолууд нь одоо биш юмаа гэхэд маргааш бүх юм тийм болох мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэлбэрийг задалвал огт шинэ хэлбэр үүснэ гэж тэд хатуу итгэдэг учраас тогтсон хэлбэрүүдийг хайр найргүй эвдэхийг хүснэ.

Хүнд хэдэн орон байдаг вэ? гэж тэднээс асуувал санаанд орсон тоогоо л хэлнэ. Дараа нь тэр хэлсэн тоондоо хүргэх гэж хүнийг хэдэн оронд хуваахаас ч буцахгүй. Заримдаа тэднээс айх, заримдаа тэднийг хэтэрхий эрх дураар нь байлгах ёсгүй санагдана. Үгүй бол хүнийг ганцхан “ХҮСЛИЙН ОРОН” хэмээж ганцхан давчуу хайрцганд чихэхийг санаархана. Хүний тухайд ч тийм биш өвс ургамал, өт хорхой, хад чулуу, хамаг бүгдийг Гюнтер Грассын “эвлүүлгийн сэтгэхүй” шиг зохицолдуулахыг хичээнэ. Бүтэхгүй мэт бидэнд санагдах бүхэн тэдний шүлгүүдэд оршино. Өнө мөнхийн тухай санааширлаа гэхэд бидэн шигээ шанаагаа тулж, духаа үрчийлгэхгүй. Өмдний шуумгаа эргүүлэх хооронд л өнө мөнхийн тухай бодож орхино. Хүндээр бодох хэрэгцээгүй гэж үзвэл үхлийг ч хүүхдүүдийн “нуугдаж тоглох тоглоом” шиг л санана. Гэнэн зугаатай санагдах ч тийм биш. Илүү ядаргаатай ч байж мэднэ, бидний бодол эргэцүүлэл, боломж хязгаараас.

Дахиад асуулт. Ер нь тэд гэдэг нь хэн бэ? Бидэнтэй л адил харагдах зүс царай, нуруу туруу, гар хөл, үс гэзэг. Гэвч биднээс өөр шуналтай, биднээс өөр нүгэлтэй биднийг залгамжлагчид. Тэд бидэнтэй адил шүлэг бичдэг ч биднээс огт өөр юм шүлэглэдэг. Арга нь өөрдөө биш. Хамаг ялгаа нь хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн гаж сэтгэлгээнд л байна.

Гаж гэхээр л гэмт хэрэг мэтээр эмзэг хүлээн авдаг жинхэнэ “гаж” сэтгэлгээ л биднийг тэднээс улам зааглана. Тэд ондоо тусгай хүмүүс дээ биш. Тэд биднээс дээр, доор сэтгэдэг гэж батлахдаа бус гагцхүү тэд биднээс өөрөөр хардаг, өвөрмөц “АЙДСЫН” системтэй гэдэгт л хамаг учир байгаа юм. Тэдний айдас түгшүүр оршихуйд үлдсэн цаг хугацааг хэр удаан үргэлжлэх эсэхийг олж мэдэхээс эхэлнэ.

Нэгэн Япон зураач амьдралдаа ганцхан туйлын шулуун “зураас” татах гэж дөчин жил хичээллэсэн гэдэг нь үл бүтэх, алиа марзан санагдах ганцхан зураас хайсан биднийг бодвол тэдний шүлгүүд дэндүү олон давхар зураастай. Тэрхүү зурааснууд нь огтлолцох үед яагаад сюреалистууд тодорхой зорилгоос илүү мэдрэмжийн хэлбэрүүдийг чухалчилаад байсныг ойлгох болно. Тэд ч ялгаагүй зугаатай байх мэдрэмжээс, эрх чөлөөтэй сэтгэх, тиймээс ертөнцийн уугуул чанар нь “ХИЙСВЭРЛЭЛ”-ээс бүтнэ хэмээх эрс хатуу үзэл баримтлалд тулгуурлах ч олон талаараа ямар нэгэн үзэл загварчлалд баригдахгүйг хичээх оролдлогуудаар дүүрэн байна. Ийм зөрчилтэй учраас бидний яруу найргийн яв цав нийлсэн, үг үгэндээ зохирсон уламжлалуудаас зарим талаараа учир дутагдалтай, сул санагдах нь бий. Мэдээж сул талгүй үе гэж хаа ч байсангүй.

Сул талаа яаж ойлгоод өөрсдийгөө ямар аргаар аятайхан хуурсан гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг. Бид ч гэсэн хичнээн олон сул талаа яажшуухан аргалсан билээ дээ? ХХ зууны хамаг ээдрээтэй, хамаг сонирхолтой “тэнэглэлүүдээ” дайн, эдийн засгийн хямрал, геополитик, мөнгөний уналт, ажилгүйдэл, үндэстэн задрах, нийлэх явц гэсэн үй түмэн шинэ тоглоомын зарчмаар тайлбарлаж орхиод одоо хичнээн аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж болоод байна.. Түүнтэй адил тэд ч гэсэн ирээдүйд ямар нэгэн шинэ зүйл зохиогоод өөрдийгөө “аргалахаа” мэдэлгүй дээ. Яруу найраг илүү кибернетик, илүү интернет фенфэк, илүү график тулгуур чанартай болохыг ч үгүйсгэхгүй. Тэр цаг яруу найргийг, яруу найраг гэж нэрлэхээ болих биз. Хожим юу гэж нэрлэхийг “БИД” биш “ТЭД” шийдэх хэрэг. Гэхдээ л сэтгэл зурсан нэг гуниг оршино. Тэд өнөөдрөөс хойш оршиж болох цаг хугацааны тухай дэндүү их эргэцүүлнэ. Шүлгүүд нь уриа лоозонгийн цуурай ихтэй бидний шүлгүүдээс уй гунигийн хоолой ихтэйгээрээ ялгарна.

Тэнцвэргүй юм бүхнийг “тэнцүүлэх” хүсэлтэй тэдний шүлгүүд хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийнхээ хувирлуудыг илчилнэ. Зохицох ёсны онолоор, үгүй бол магадлалын хуульд илүү хамааралтай ч юм шиг сэтгэлгээ шинэ эрин цагийн шүлгүүдийн мөн чанар болжээ. Хайр сэтгэлд ч нэг ”сонгомол” эсрэг хүйсийн дүр шахдаг бидний сэтгэлгээ тэдний үед харамсалтай нь яаж өөрчлөгдөж байгааг анзаарч болно. Эрт цагт Тристан Изольда хоёр л бие биендээ дурлан тэмүүлдэг байлаа. Тодорхой харилцагч, тодорхой харилцаа. Одоо харин тэдний үед Тристан эхлээд өөртөө татагдан дурлаад дараа нь Изольдаг маш нарийн шалгуураар сонгоно. Тиймээс шүлгүүд нь хайр дурлалын хам шинж багатай. Сайхан дурлах насандаа баахан гүн ухаанддаг гэмтэй.

Тэдний шүлгүүд ийм юм. Ийм байхаас ч аргагүй нийгэм-журмыг туулж яваа юм. Ийм байхаас ч аргагүй хүн- сэтгэлийн цүнхээлээс хүн хүнээ хайж яваа юм.

Харин тэдний нэгтэй би хэдэн жилийн өмнөөс яруу найргийн зам мөрд тааралдаж таньдаг болжээ. Шүлгүүдийг нь ч уншиж явжээ. Олон талаараа энэ цагийнхаа шинэ яруу найргийн хэл, сэтгэхүй, мөн чанарын нэн сонирхолтой зарчмыг баримтлагч.

Түүнийг БАТБАЯРЫН УУГАНБАЯР гэдэг.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2016-03-26

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж