Монгол Улсын хүн амын тал нь шахуу амьдардаг нийслэлд хэрвээ газар хөдөлбөл тэсч үлдэх барилга байхгүй гэдгийг сүүлийн үед мэргэжилтнүүдээс анхааруулах болсон. Нэг хэсгийнх нь “насжилт” хэтэрч, ширүүхэн шуурганы аяыг даахаа больж байгаа бол шинээр баригдсан барилгууд нь чанар муутай, хэт мөнгөний төлөө хөөцөлдсөнөөр Улаанбаатар барилгын аюулгүй байдлын стандарт алдагдаж, нийслэлчүүдийн амьд явах эрхэнд ноцтойгоор “халдсаар”.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлж, "Нийслэлд сэрэмжлэх 42 барилга байгаа”-г сэрэмжлүүлэв. Өөрөөр хэлбэл, хэзээ мөдгүй нуран унахад “бэлэн” барилга дунд улаанбаатарчууд амьдарч байгааг холбогдох газраас сануулсан зүгээр ч нэг анхааруулга биш болов уу.
Гэхдээ сайн тал нь нурж унахад эрсдэлтэй барилга нийслэлд 66 байсныг бууруулж 42 болгожээ. Эдгээрийн дийлэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөөгүй, ажилчдын аюулгүй байдлыг хангах мөнгийг төсөвлөдөггүй, дотоод хяналтгүй, батлагдаагүй зураг төслөөр суурийг босгосон гэх зөрчлийг дагуулжээ. Яг ийм шалтгаанаар, барилгын аюулгүй байдлын стандарт хангаагүйгээс өнгөрсөн онд 13 хүний амиа алдсан тохиолдол гарсан. Тэрчлэн хичнээн хүн барилгын салбарын “балаг”-аас болж эрүүл мэндээрээ хохирсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан барилгын салбар тойрсон балаг ахиад үргэлжлэх үү гэсэн асуулт бас айдас байна.
Нэгэн жишээ дурдъя. Хан Уул дүүргийн 11 дүгээр хорооны "Fresh" хотхонд байрлах нийтийн байрны голд иргэн н.Оюунцэцэг орон сууцаа барьжээ. Таван давхар нийтийн байрнаас ганцхан алхам зайд н.Оюунцэцэгийн орон сууц босжээ. Хот байгуулалтын тухай хуулиар бол ганцхан алхам бус, 15 метр зайд барих ёстой. Ингэж байж орон сууцуудын галын аюулгүй байдал хангагддаг. Мөн орон сууцад нарны тусгал ч хэвийн ирнэ. Зураг төсөлгүй, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илт зөрчсөн энэ барилгыг 2014 онд дөнгөж цутгалтын ажил хийх үед мэргэжлийн хяналтын байцаагч акт тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Иргэний нэр дээрх барилга учраас хуулийн дагуу 250-500 мянган төгрөгөөр торгосон байна. Гэвч акт, торгуулийг үл тоон ажлаа үргэлжлүүлсээр өнөөдөр гаднах барилгын ажил үндсэндээ дуусч, дотор засалдаа оржээ. Улсын ахлах байцаагч У.Ёндон "Хуулиараа иргэнийг 250-500 мянган төгрөгөөр л торгодог. Гэтэл энэ торгууль нь үүргээ ухамсарлаж, үйл ажиллагаа зогсоох хэмжээний биш учраас тоодоггүй. Бид акт тогтоодог. Эргээд шалгахаар ирэх бүрд нэг юм нэмэгдчихсэн, барилгын ажил үргэлжилж байдаг" гэв.
Барилгын тухай хуульд энэ тохиолдолд иргэнийг 250-500 мянга, аж ахуйн нэгжийг 1-2 сая төгрөгөөр л торгох заалт бий. Энэ нь бүхэл бүтэн орон сууц барьж буй хүнд хохирч, гомдоллоод байх хэмжээний мөнгө биш учраас улсын байцаагчийн актыг юман чинээ тоодоггүй аж. Хариуцлагын тогтолцоо нь хангалттай биш энэ нөхцөлд Мэргэжлийн хяналтын байцаагчдын ч арга мухарддаг байна. Ямар сайндаа банк санхүү, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтрахаар болох вэ. Зураг төсөлгүйгээр барьсан барилгад санхүүжилтийн эх үүсвэр олгохгүй байхаар банкнуудтай хамтрах. Мөн ийм барилгыг худалдан авахгүй байх талаар хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч, зөрчилтэй барилгын нэрсийг зарлах арга хэмжээ авч эхэлжээ. Гэхдээ ингээд ч дийлэхгүй компаниуд бий.
Жишээбэл, Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, “Khansvill” хотхоны дунд “Донгхүүн глобал” гэх компани 2012 оноос барилга барихаар хундаамны нүх ухаад тэр чигт нь орхижээ. Энэ хэсгийн газрын хөрс анхнаасаа сийрэг, сэвсгэр учраас барилга барихад тийм ч тааламжтай биш. Гэтэл дээрээс нь нүх ухаад, олон жил бороо, цасанд дарагдаж газрын чанарыг улам муутгасан. Мөн карказны төмөрт ямар ч бэхэлгээ хийгээгүй, хамгаалалт байхгүйгээр дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ газарт үргэлжлүүлэн барилга барихад эрсдэл өндөртэй болсон байна. Тиймээс дахин газрын шинжилгээ, судалгаа явуулсны дүнд барилга барих эсэхийг шийдэхгүй бол аюултай барилгын жагсаалтыг нэгээр нэмнэ. Гэвч “Донгхүүн глобал” гэх компанийг өдийг хүртэл хайгаад олоогүй байна. Солонгосын компани гэх дам сургаас өөр мэдээлэлгүй. Энэ тохиолдолд хариуцлага тооцож, арга хэмжээ авах ямар ч боломжгүй байдаг аж.
Нийслэлд үүн шиг эзэн нь тодорхойгүй, компани нь олдохгүй тохиолдол багагүй бий. Барилга барихаар ухаад орхисон 30 гаруй нүх байдаг. Түүний дийлэнхийн эзэн нь олддоггүй.
Урин дулаан цаг ирж, өвөлжин нам гүмхэн байсан хэдэн барилга "амь" орж, техникийн дуу хадаж эхэлжээ. Муу амлаж байгаа ч юм биш. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрддөггүй барилгынхан, хяналтын тогтолцоогоо хангаж ажилладаггүй төрийнхнөөс болж хичнээн хүн зуурдаар амиа алдах вэ. Хөдөлмөр хамгааллын талаар наад захын шаардлага хангадаггүй, хүний амиар наадсан барилгынхандаа хяналт тавьж, хариуцлага тооцож байхгүй бол хэдийгээр хүний амийг санаатай бүрэлгээгүй ч хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж, удаа дараа бусдын амь насаар “наадсаар” байх уу?
Б.ЗОЛЗАЯА
ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ
Аюултай барилгын жагсаалтыг ЭНД-ээс харна уу.