Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Баруун аймгууд руу жижиг онгоц л нислэг хийдэг, нислэгийн хугацаа 3 цаг гаруй үргэлжилдэг. Иймд орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой аж.
Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа” компанитай хамтраад орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрээд байна. Баруун аймгуудад энэ оны 4 дүгээр сарын 15-ны дотор нислэг хийж эхлэхээр төлөвлөж байна. “АэроМонголиа” компани жижиг онгоцуудаа Ховдод байршуулна. Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан хүрнэ. Говь-Алтай, Завханыг тусад нь зохион байгуулж болно. Хамтарч ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр тийзний үнэ өнөөдрийн мөрдөж байгаагаас 40 хувиар буурах боломжтой гэж тооцоолсон. Мөн ОХУ, БНХАУ-ын хил орчмын бүс, хотуудаас зорчигч татах, Улаанбаатараар дамжуулаад дотоодын нислэгт холбох боломжийг МИАТ компани судалж байна.
Т.НОМИН