Бельгийн шинжээчид Брюсселийн нисэх буудал, метронд бөмбөг дэлбэлсэн хоёр дах амиа золиослогчийг Нажим Лахрауи гэгч болохыг тогтоож, ДНХ-ээр нь түүнийг арваннэгдүгээр сард гарсан Парисын халдлагад холбоотойг нотолсон байна. Бельгийн хууль сахиулагчид нисэх буудал болон метроны буудалд бөмбөг дэлбэлсэн хэрэгт зургаан сэжигтнийг баривчлаад байгаа юм.
Сэжигтнүүдийг Бельги, Герман болон Францаас баривчилсан байна. Брюсселийн нисэх буудал, метроны буудалд бөмбөг дэлбэлснээс 31 хүн амиа алдаж, олон хүн шархдаж, гэмтсэн юм. Бельгийн цагдаа нар Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг баривчилснаас хэд хоногийн дараа болсон нь санамсаргүй тохиолдол биш гэж үзэж байна. Салах Абдеслам өчиг өгөхдөө цагдаа нартай хамтарч ажиллахыг зөвшөөрч байна гэж хуурсан гэнэ. Гэвч нисэх буудал болон метронд гарсан халдлагын дараа дуугаа хурааж, мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.
ИУ бүлэглэл Парис, Брюссельд гарсан халдлагыг хоёуланг нь зохион байгуулснаа мэдэгдсэн юм.
Баасан гаригт ИУ бүлэглэл Брюсселийн халдлага бол Ирак, Сири дэх ИУ бүлэглэлийн эзэмшлийн нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн ажиллагааны хариу шийтгэл гэсэн утгатай видео бичлэг илгээсэн байна.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд "Бид Парис, Брюсселийн халдлагын гол сэжигтнүүдийн барьсан ч тэдний зарим нь одоо ч чөлөөтэй явж байгаа нь аюул заналхийлсээр байна” хэмээн мэдэгджээ.
Н.ЭНХ