Боксчид олимпийн эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Боксчид олимпийн эрхийн төлөө

Бразилийн Рио-Де-Жанейро хотод зуны 31 дэх удаагийн олимпийн наадам эхлэхэд иймхэн хоног үлджээ. Гэтэл 1988 оны Сөүлийн олимпоос эхлэн спортын энэ их наадмын медалийн бүх тавцан дээр зогсч үзсэн Монголын шигшээ багийн боксчдын хэн нь ч олимпийн визээ аваагүй байна. Уг нь боксынхон бол буудлагынхан шиг, чөлөөтийнхөн шиг, жүдогийнхон шиг улс үндэстнийхээ их итгэл найдварыг тээсээр олимпийг итгэл төгс зорьдог тамирчид. Итгэлийг нь ч алдаагүй тэд дөрвөн олимпоос зургаан медаль эх орондоо авчирсан. Харин Риогийн олимп манай боксын шигшээгийнхэд босго өндөр байх нь ээ. Одоо тэдэнд олимпийн эрх авах, олимпийн виз даруулах хоёрхон тэмцээн л үлдээд буй. Уг нь өнгөрсөн жил Катарын Доха хотод болсон эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш олимпийн эрх олгох долоон тэмцээн болоод байгаа билээ. Үлдээд байгаа эрх олгох хоёр тэмцээний эхнийх энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Цяньань хотод болно. Олимпийн наадмын Азийн бүсийн эрх олгох маш хариуцлагатай уг тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй боксчид оролцох гэж байна. Цяньяньд Д.Батсүрэн дасгалжуулагчтай манай эрэгтэй баг тамирчид найман жинд, Б..Энхтайван дасгалжуулагчтай гэзэгтэй боксчид гурван жинд тулалдах юм. Тус тэмцээний жин тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчин олимпод оролцох эрх авах юм. 

Манайхан энэ тэмцээнээс нэлээд хэдэн эрх өвөртлөх боломжтой. Учир нь олимпийн боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 10 жинд нийт 250, эмэгтэйчүүдийн гурван жинд нийт 36 тамирчин шалгарахаас одоогоор эрэгтэйчүүдийн арван жинд гэхэд л 38 орны 114, эмэгтэйчүүдэд таван орны есөн шилдэг боксчин хэдийнэ эрхээ аваад буй. Олимпийн эрх олгох энэ тэмцээний

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ хамгийн түрүүнд рингэнд гарна. Түүний жинд Азиас БНХАУ-ын Бин Лю, Казахстаны Б.Закипов олимпийн эрхээ хэдийнэ авчихсан тул түүнтэй өрсөлдөхгүй. 

52 кг-д Х.Энх-Амартай өмнөх тэмцээнүүдээс олимпийн эрхээ өвөртлөсөн Азербайжаны Э.Мамишзада тулалдахгүй нь тодорхой.

56 кг-д Э.Цэндбаатартай мөн дээрх шалтгааны улмаас БНХАУ-ын Жиавей Занг хүч үзэхгүй юм.

60 кг-д манай шилдэг боксчдын нэг Азийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалайн гурван хүчтэй өрсөлдөгч (Казахстаны Б.Абдрахманов, Азербайжаны А.Селимов, Узбекистаны Х.Тожибаев) Тяньяньд ирэхгүй ажээ. 

64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Узбекистаны Ф.Гайбназаров, Тайландын В.Мазук нарын эзгүйд эрх авахын төлөө өрсөлдөнө.

69 кг-д Оюутны дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт Б.Түвшинбат Казахстаны Д.Елеусинов, Азербайжаны П.Багиров, БНХАУ-ын Вэй Лиу нартай нүүр тулахгүй.

75 кг-д С.Шинэбаярын  хүчтэй өрсөлдөгч Узбекистаны Б.Меликузиев мөн энэ тэмцээнийг  өнжинө. 

81 кг-д С.Эрдэнэбаяр Ираны Э.Роузбаханигийн үгүйд олимпийн эрхийн төлөө тулалдах ажээ.

Тэгэхээр, дээр хэлсэнчлэн тивийн шилдгүүд оролцохгүй тус тэмцээнээс манай боксчид нэг бус эрх авах боломжтой байгаа юм. Эмэгтэйчүүдийн хувьд 51 кг-д Азийн аваргын мөнгө, Азийн наадмын  хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар рингэн дээр гарах ба тэдний хэн нь ч “Рио-2016” явах босгыг давах чадвартай.  

Боксчдын олимпийн эрх авах найдвар үүгээр дуусахгүй, ирэх зургадугаар сард Азербайжаны Бакуд болох Олон улсын боксын холбооны чансааг тэргүүлсэн боксчдын тэмцээнээс эхний тавдугаар байр шалгарвал мөн эрхээ авах боломжтой аж. Эмэгтэйчүүдийн хувьд хоёр жил тутамд болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртвэл шууд “Рио-2016” зорих юм. Үүнээс гадна Олон улсын боксын холбоо эрэгтэйчүүдийн 56, 60, 64, 69, 75 кг-ын жинд, эмэгтэйчүүдийн гурван жинд тус бүр нэг боксчинг урилгаар оролцуулах юм байна.

Ширэн бээлийтнүүддээ амжилт хүсээд, Монголын боксчдын олимпод үзүүлж байсан амжилтыг эргэн дурсъя:

Олимпийн наадамд 

“Сөүл-1988” Н.Энхбат 60кг-д хүрэл

“Барселон-1992” Н.Баярсайхан 60 кгд хүрэл

“Бээжин-2008” Э.Бадар-Ууган 54 кг-д алт

“Бээжин-2008” П.Сэрдамба 48 кг-д мөнгө

“Лондон-2012” Н.Төгсцогт 52 кг-д мөнгө

“Лондон-2012” У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д хүрэл.

Д.ЖАВХЛАН

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж