Өвлийн турш амьгүй мэт байсан хоосон барилгуудад дуу чимээ хадаж, урин дулаан цагтай зэрэгцэн “барилгын” улирал ирж байна. Барилга доогуур гарахдаа байн байн дээшээ харж, түгшиж, эмээж явах үе нийслэлчүүдийн хаалгыг тогшиж эхэлжээ. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод аюул дагуулж болзошгүй, эрсдэлтэй 66 барилга байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Үүнээс 24-д нь тодорхой арга хэмжээ авсны дүнд зөрчлөө арилгажээ. Харин үүний цаана иргэдийн болгоомжлох 42 барилга байна. Зөрчилтэй барилгуудыг эхнээс нь нэрлэвэл:
1. 0124 дүгээр цэргийн ангийн зүүн урд талд барьж буй иргэн М.Батбаярын үйлчилгээний барилга
2. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Б.Доржийн гудамжинд байрлах иргэн н.Батбаатарын үйлчилгээний барилга
3. Эм Ай Ю сургуулийн хашаанд барьж буй их сургуулийн барилга
4. Цагдаагийн академийн өргөн чөлөөний 1-1 тоотод иргэн О.Цэрэнханд, Д.Хашбат нарын үйлчилгээний барилга
5. Цэргийн хотхонд байрлах иргэн Ч.Гантулгын үйлчилгээ, оффисын барилга гэх мэтчилэн 42 барилгын жагсаалт хөвөрнө.
Аюултай барилгын жагсаалтыг http://www.ub.inspection.gov.mn/images/barilga2016.pdf эндээс харна уу.
Зөрчилтэй барилгын дийлэнх нь буюу 20 нь Баянзүрх дүүрэгт, Хан Уул, Сонгинохайрхан дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 27, бусад дүүргүүдэд 1-2 байгаа юм.
Барилгуудын хувьд ихэнхдээ батлагдсан зураг төсөлгүйгээр суурийг босгожээ. Бүрэн дуусаагүй зураг төслийг захиалагч, гүйцэтгэгчдээр хэсэгчлэн хийлгэсэн байна. Дотоод хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах мөнгийг тусгадаггүй, аюулгүй байдал огт хангаагүй байна. Чухам тиймээс л барилгын талбай дахь хөдөлмөрийн осол буурахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Эдгээр барилгуудад цаашид хэрхэн хяналт тавих талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Гантулга мэдээлэхдээ “Эдгээр барилгуудад нэн тэргүүнд “Барилгын тухай хууль”-ийг мөрдөж ажиллах шаардлага хүргүүлнэ. Мөн зөрчил, дутагдлыг арилгуулж, хяналт тавина. Мөн зөрчилтэй зураг төсөл олгосон барилга байгууламжуудад санхүүжилтийн эх үүсвэр олгохгүй байх талаар банк санхүүгийн байгууллагад мэдээлэл өгнө. Цаашлаад олон нийтэд ил тод мэдээлж, иргэд захиалга өгөхгүй байх ухуулгыг хийнэ” гэлээ.
Иргэдийн хувьд эдгээр барилгын жагсаалтыг харж, ойр хавиар нь явахдаа болгоомжтой байхыг онцгойлон сануулъя. Мөн оффис, үйлчилгээний барилга, орон сууц худалдан авахдаа ч анхаарах хэрэгтэйг сануулж байна.
Б.ЗАЯА