Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллалаа

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Ерөнхий сайдын Дорнод аймагт хийж буй албан томилолт Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзсан уулзалтаар эхэлсэн юм. Энэ үеэр Засаг дарга М.Бадамсүрэн аймаг, орон нутгийнхаа цаг үеийн ажил байдлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Энэ уулзалтын дараа Төрийн банкны салбарын нээлт болов. Улс орон даяар 540 салбар нэгж, 3500 гаруй ажилтантай Төрийн банк Дорнод аймгийн Чойбалсан хотод шинэ салбараа нээж нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Туваан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн газар шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, 1930-аад оноос эхлэн Ардын банкны хорооноос малчны зээлийг олгож эхэлсэн түүхтэй. Тэр үед 10 сая гаруй малтай байсан манай улсын малын тоо толгой малчны зээлийг олгож эхэлснээр 3 сая гаруйгаар нэмэгдэж байжээ. Өнөөдөр ч Засгийн газраас явуулж байгаа бодлого “Сайн малчин” хөтөлбөр, Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг голлон санхүүжүүлэх байгууллага нь Төрийн банк гэдгийг онцлоод төрөөс иргэд, бизнест үзүүлж буй үйлчилгээ иргэдэд Төрийн банкаар, хамгийн богино хугацаанд, чанартай хүрч байхыг хүссэн юм.

Дорнод аймгийн Төрийн банк 677 харилцагчийн 1.6 тэрбум төгрөгийн малчны зээлийг жилийн 29.5 хувиас 18 хувийн хүүтэй зээлд шилжүүлжээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 8 харилцагчид 31.5  сая төгрөгийн жилийн 10 хувийн хүүтэй зээл олгоод байгаа. Үүнээс гадна харилцагчдынхаа орон сууцны ипотекийн зээлийн хүүг жилийн 5 хувьд шилжүүлсэн байна.

ДОРНОД АЙМГИЙН ТӨРӨХ ТАСАГ ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛЛОО

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллах үеэрээ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгатай танилцлаа.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 2001 онд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин, материаллаг баазад тулгуурлан байгуулагдсан. Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг нь Хүүхдийн тасгийн дэргэд 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол энэ оны нэгдүгээр сард төрөх тасгийн шинэ барилга баригдаж дууссан гэж тус төвийн дарга Д.Должин танилцуулаа.

Төрөх эмнэлгийн барилга угсралт 2013 оноос эхэлж 2013-2015 онуудад улсын төсвөөс нийт 2,774 тэрбум төгрөгийг зарцуулсан. Одоо  бүрэн ашиглалтад оруулахад тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгаа учраас орон нутгийн удирдлагуудаас ч орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжилт шийдвэрлэн өгч, тохижилт хийсэн гэдгийг тэмдэглэлээ. Мөн унтуулгын аппарат, нярайн монитор, ЭХО суурин аппарат, хагалгааны гэрэл, амьсгалын аппарат, өвчтөний ор зэрэг тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг хэллээ. Харин энэ асуудлыг Эрүүл мэнд, спортын яам шийдвэрлэж, 143 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгохоор болсон байна.

Шинэхэн төрөх 50 ортой. Хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх, төрөх, хагалгааны зориулалтын тасгуудтайгаас гадна хурлын заал, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан фитнесийн өрөө зэрэгтэй бөгөөд орчин үеийн эмнэлгийн стандарт шаардлагад бүрэн нийцжээ.

ЗҮҮН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙГ 100 МВТ-ААР ӨРГӨТГӨНӨ

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК 1970 онд ашиглалтад орж, 1980 онд өргөтгөл хийгдэн, 1998-2001 онд шинэчлэл хийгджээ. Зүүн хоёр аймгийн 23774 айл өрх, 2170 аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 53 хувийг уул уурхай, газрын тосны компаниуд, 17 хувийг Сүхбаатар аймаг, 30 хувийг Дорнод аймаг хэрэглэж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Монгол Улсын зүүн бүс нутгийн тогтвортой хөгжил, цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахын тулд дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байгаа учраас зүүн бүсийн хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ станц барих ажлыг эхлүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газар эрчим хүчний бүтээн байгуулалтад онцгой анхаарч, сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний системийг 323 МВт-аар нэмэгдүүлэн, цахилгаан дамжуулах шугамуудыг шинэчилсэн. Энэ салбарт үнийн зохицуулалт хийснээр эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажилласан гэдгийг онцоллоо. Зүүн бүсийн эрчим хүчний системийг өргөтгөх, нэмэгдүүлэх ажил санхүүжилтийн хувьд өөр өөр хувилбарууд яригдаж байснаас хугацаа алдсан. Харин энэ ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон гэж хэллээ. Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр Зүүн бүсийн эрчим хүчний системийг 100 МВт-аар төслийг “Мегаватт” компани гүйцэтгэхээр шалгарсан. Бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

ХЭРЛЭН СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хэрлэн сумын 10 дугаар багт шинээр баригдсан 7 дугаар цэцэрлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Үйл ажиллагаагаа явуулаад нэг сар болж буй 7 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргийн  315 хүүхдийн 180 хүүхэд 6 бүлэгт хуваагдан, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Энэ хичээлийн жилд хүүхэд нэг бүрийг хөгжлийг дэмжин, сургалтын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чанартай боловсролын арга зүйг тэгш хангах зорилт тавин ажиллаж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч П.Нансалмаа танилцууллаа.

Шинэ нээгдсэн цэцэрлэг учраас тохижилт, тоглоомын асуудал тулгамдаад байгааг ч хэлсэн. Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөгийг цэцэрлэгийн тохижилтод зарцуулсан байна. Мөн хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө багш ажилчид, эцэг эхчүүдийн дэмжлэгийг ч авсан гэдгийг тодотгосон юм. Энэ үеэр Ерөнхий сайд хувиасаа таван сая төгрөгийн  тоглоомыг тус цэцэрлэгт хандивлахаа хэллээ.

Эх сурвалж: www.zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж