Дэлхийн циркчид Монголд цуглав

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн циркчид Монголд цуглав

“Монгол циркийн хөгжлийн төв” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад ирлээ. Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам, Узбекстан, Казахстан зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. “Дэлхийн цирк Монголд -2016”-д арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг 5 төрлийн амьтан үзүүлбэр үзүүлэх юм. 

“Сармагчинг хоёр хүртэлх насанд нь аваад дасгадаг. 1-2 жилийн хугацаанд циркийн дасгал сургуулилалтын бэлтгэлийг хийж, тоглолтод оруулдаг. Энэ удаагийн Монголд ирсэн сармагчин жонглёрын үзүүлбэр үзүүлнэ. Одой морьд хэвтэх, босох, хойд хөл дээрээ явах зэрэг үзүүлбэртэй. Сармагчин өөрөө байгалаасаа юмыг хурдан сурдаг учраас илүү ур чадвар шаардсан зүйлийг гаргана. Циркийн манежинд лам гөрөөс анх удаа ирж байна. Казахстан улсаас ирсэн арслангийн хувьд бас өөрийн гэсэн үзүүлбэртэй. Бид энэ удаа олон орны жүжигчдийг дахин эх орондоо авчирлаа. Үүнд маш их зардал гарсан. Харин тоглолтын дараа амьтадтай зургаа авaхуулахыг хүсвэл 5-10.000 төгрөгийг төлөөд дурсамжаа үлдээх боломжтой" гэж “Монголын үндэсний цирк”-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам өгүүлсэн юм.

Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. Өнөө үед Дэлхийн циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх, үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд таниулах зэрэг томоохон зорилготойгоор энэхүү ажлыг хэрэгжүүлж байна. Тоглолтын гол онцлог гэвэл  өнгөрсөн жилийн номер давтагдахгүй. Мөн арслан, одой морьд зэрэг ховорт тооцогдох амьтад ирлээ гэж зохион байгуулагчид дурдлаа.

“Дэлхийн цирк Монголд” тоглолт гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өдөр бүр амралтын өдрүүд 11.00, 15.00, 19.00, ажлын өдрүүдэд 19.00 цагаас циркийн алтан манежинд болно.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж