УИХ-ын гишүүн С.Батболд тариалалт эхлэхтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад асуулга тавьжээ.
Асуулгад тэрээр “УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан Газар тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ямар дорвитой ажил зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 42 дугаар тогтоолоор батлан гаргасан Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн 2015 оны зуны улиралд тохиосон байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл, түүнээс учирсан хохирлоос ямар сургамж авсан, түүний мөрөөр зохион байгуулсан ажлын талаар тодруулсан байна.
Тэрчлэн 2016 оны зуны улирлын цаг уурын төлөв, прогноз хэзээ тодорхой болох. Тариалалтын хугацаанд учирч болох цаг уурын гэнэтийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл авахыг хүсчээ. Мөн хаврын тариалалтад шаардагдах үрийг импортоор авах тухай шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа, тариалалтад шаардагдах үрийн нөөц хүрэлцээтэй эсэхийг тодруулсан байна. Түүнчлэн газар тариалангийн компаниуд арилжааны банкуудад төлж барагдуулаагүй өрийн үлдэгдэл ихтэй байгаа нөхцөлд Засгийн газраас санхүүгийн ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Г.ДАРЬ