АНУ-ын дараачийн тэргүүн хатагтай хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын дараачийн тэргүүн хатагтай хэн бэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид дундаа явж байна. Ирэх арваннэгдүгээр сард америкчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Улстөр судлаачид өдгөө Цагаан ордны гол суудалд хэн суух бол хэмээн өөр, өөрсдийн байр сууриа дэвшүүлж байгаа энэ үед дараачийн тэргүүн хатагтай Мишель Обама шиг загварлаг, цог жавхаатай байж чадах болов уу хэмээн зарим хүн эргэлзэж байна. Барак Обамаг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд түүний эхнэр тун дэгжин хувцасладаг, хошин шогийн мэдрэмжтэй, хүчирхэг зан араншинтай гэдгээрээ олны хайр талархлыг хүлээсэн. Тэгвэл дараагийн тэргүүн хатагтайд “нэр дэвшигчид”-ийг танилцуулъя.

 


 

Меланья Трамп (45 настай)

 

 

Тэрбумтан Дональд Трампын гурав дахь эхнэр Меланья нөхрөө төрийн тэргүүнд өрсөлдөхийг ятгаж, өдгөө бүхий л талаар дэмжиж яваа нэгэн. Словенийн модель байсан тэрбээр залуудаа архитектур, дизайны чиглэлээр сурч, Парис, Миланы тайзан дээр од болон гялалзаж, дараа нь амжилт олохоор Нью-Йоркт хөл тавьсан гэдэг. Харин 1999 онд Трамптай загварын долоо хоногийн үеэр танилцах аз тохиожээ. 24 насны зөрүүтэй тэд 2005 онд нүсэр хурим хийсэн түүхтэй. Тухайн үед Меланья 200 мянга орчим долларын үнэтэй “Dior”-ын хуримын даашинзаар гангарч, олон одыг зочноор урьсан аж. Жилийн дараа хүүтэй болсон нь Трампын тав дахь хүүхэд юм. Трамптай гэрлэснийхээ дараа Меланья загварын карьераа орхиж, эрчүүдийн сэтгүүл дээр нүцгэн зургаа тавихаа больжээ. Улстөрчийн эхнэрийн нүдээ өгөхөөс ч буцдаггүй нэг зүйл нь цаг, гоёл чимэглэлийн дизайн. Тэрбээр сайн үйлсэд гар татдаггүй нэгэн бөгөөд хүүхдүүд, өвчтэй, ядуу хүмүүст тусалдаг. Америкийн Улаан загалмай нийгэмлэгээс Меланьяд хүндэт элчийн цол хүртэл олгосон байдаг.

 

Меланьяг тэргүүн хатагтайн дүрд тун гайхалтай зохицно гэж олон хүн үздэг. Тэр царайлаг, ухаалаг, загварын нарийн мэдрэмжтэй бөгөөд Бетти Форд, Жеки Кеннеди нарын тэргүүн хатагтай нарын дайтай Ерөнхийлөгчийн эхнэр болно гэлцдэг.

 

Хайди Круз (43 настай)

 

 

АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Тед Крузын эхнэрийг өөрөө хүчээ сорьсон бол дээр байсан гэлцдэг. Эмзэг турьхан биедээ баймааргүй ухаалаг, эрч хүч, амбицтай энэ шаргал үст хатагтай өөрөө карьераа босгосон төдийгүй нөхөртөө ч тусалсан нэгэн юм.

 

Багадаа эцэг, эхийгээ даган Африкт амьдарч байсан тэрбээр эдийн засаг, олон улсын харилцааны их сургуульд орсон ч Бүгд найрамдах нам, улстөр сонирхлыг нь ихэд татжээ.

 

Харвардад боловсрол эзэмшсэн Хайди тавьсан зорилгодоо хүрч, 2000 онд Цагаан ордонд бага Жорж Бушийн сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцож эхэлжээ. Эндээс л тэрбээр ичимхий Тедтэй танилцсан түүхтэй. Тед Круз эрч хүчтэй, царайлаг хамтрагчтайгаа харилцаа үүсгэхийн тулд бүтэн хоёр хоног шаналсан гэдэг. Тэд ч асар хурдан дотносч, жилийн дараа хуримлажээ. Хүний эхнэр боллоо гээд Хайди ажлаасаа хөндийрсөнгүй. Удалгүй тэрбээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болж, тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсын удирдлага дор ажиллаж эхлэв. Хайди ажилдаа дуртай байсан ч Техаст томоохон алба хаших болсон нөхрөөсөө болж Вашингтон дахь карьераа орхиход хүрчээ.

 

Гэхдээ авхаалжтай Круз хатагтай “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын компанид нөлөө бүхий менежерүүдийнх нь нэг болж, хэдхэн жилийн дараа удирдах албан тушаалд нь дэвшжээ. Ер нь Хайди л Тедийг сонгуулийн ажлаа хийхэд хамгийн их тус болж байгаа юм. Тэрбээр ивээн тэтгэгчдийг өөрөө олж, нөхрийнхөө сонгуулийн ажлын мөнгийг цуглуулж, штабыг нь удирдаж байгаа аж. Цагаан ордныг орхих хүсэлгүй төмөр хатагтай  өөр байдалтайгаар энд ирэхийг хүссэн ч юм бил үү.

 

Карен Кейсик (52 настай)

 

 

Карен Кейсик өөрийгөө улстөрчдийн эхнэрүүдтэй адилгүй гэдэг. Тэрбээр сонгогчид болон ивээн тэтгэгчидтэйгээ байнга уулзалдаж, гар барьж, эелдэг инээмсэглэж явах дургүй. Байнга ийш тийш явж, урт удаан үргэлжилсэн яриа сонсохоос залхдаг гэнэ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Кейсикийн төлөө юу ч хийхээс буцахгүй эхнэр хүн.

 

Тэрбээр нөхрийнхөө төлөө томоохон компанийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиж, олон нийттэй холбоотой карьераа хаяж, ихэр охидоо өсгөхөд анхаарсан гэрийн эзэгтэй болсон. Тэгсэн хэрнээ Жоныг Огайо мужийн амбан захирагч болох үед нутгийн иргэдийн хайртай тэргүүн хатагтай, нийгэм, сайн үйлсийн хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгэн болсон юм. Тэрбээр эрүүл амьдралын хэв маягийг идэвхтэй сурталчлагч. Карены төрөл төрөгсөд зүрхний өвчнөөр өөд болсноос хойш тэр үргэлж гүйж, фитнессээр хичээллэж эхэлжээ. Карен бусдыг ч бас спортод уруу татдаг болохоор магадгүй Цагаан ордны тэргүүн хатагтай болчихвол энэ ажлаа томоохон цар хүрээтэйгээр эхлүүлэх биз. Жон эхнэртэйгээ гэрлээд 18 жил болсон ч өөрийнхөө азтайг гайхаад бардаггүй гэсэн шүү.

 

Жейн Сандерс (65 настай)

 

 

Берни Сандерсын эхнэр бол түүний баруун гар. Эрч хүчтэй, амбицтай Жейн олон жилийн турш нөхрийнхөө улстөрийн тэргүүн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Берни эхнэрээ сонсохоос ч аргагүй.

 

Учир нь Жейн коллеж удирдаж, боловсролын салбарт карьер хөөж байсан. Тэр ч бүү хэл цагдаагийн газарт насанд хүрээгүйчүүдийн хэлтэст ч ажиллаж байсан туршлагатай нэгэн. Үүний зэрэгцээ Жейн өмнөх нөхрийнхөө гурав, Бернитэй сууснаас хойш гаргасан нэг, нийтдээ дөрвөн хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа эмэгтэй юм.

 

Хатагтай Сандерс тэргүүн хатагтайн дүрд тийм ч дуртай биш гэсэн. Ядуу тарчиг гэр бүлд төрж өссөн тэрбээр дээдсийн хатуу дүрэм журам, хувцаслалтад дургүй гэнэ. Тиймээс Жейнээс Мишель Обамагийн дэгжин чаминг хүлээгээд нэмэргүй.

 

Билл Клинтон (69 настай)

 

 

Ерөнхийлөгч асан, нэрт уран илтгэгч, сайхан инээмсэглэдэг, магадгүй хамгийн аятайхан “тэргүүн хатагтай” болох хүн бол яах аргагүй Билл Клинтон. Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж дууссаны дараа Клинтон нийгэм, сайн үйлсэд чиглэсэн ажил эрхэлж байсан. Гэсэн ч тэр улстөрийг орхиогүй юм. Тэрбээр Барак Обамаг идэвхтэй дэмжиж, сонгуулийн кампанит ажилд нь оролцож байсан. Харин эхнэрээ Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдэхэд тэргүүн зөвлөх нь болжээ.

 

Биллийн хувьд Цагаан ордонд огт өөр дүрээр ч болтугай эргэн ирэхийг маш их хүсч байгаа гэнэ. Олон нийт ч үүнд дургүйцэхгүй байгаа юм. Билл өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа дуулиан тарьж байсан ч хүмүүс түүнийг хайрлаж хүндэтгэдэг. Тиймээс ч Клинтон тус улсын “тэргүүн хатагтай”-н түүхэн дэх анхны эр хүн болохыг үгүйсгэх аргагүй.

 

Э.МӨНХЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж