“Ногоон нүдэн лам” гэж нэг гайтай ном байна аа. Монголчуудыг, эгэл жирийн уншигчдыг байтугай, бүр утга зохиолын хүрээнийхнийг, мэргэжлийн лут лут судлаач, шүүмжлэгчдийг хүртэл талцуулж, хагаралдуулах шахав. Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фолт нарын хамтран бичсэн "Ногоон нүдэн лам" романыг 2008 онд гарснаас нь хойш өнөөг хүртэл олон ч хүн уншиж, Монголын номын ертөнцөд урьд байгаагүй, тэр байтугай магадгүй дэлхийн утга зохиолын ертөнцөд ч үзэгдээгүй байж мэдэх рекорд амжилтыг тогтоосоор байна. Аль 2015 оны 2 дугаар сарын байдлаар энэ номын борлуулалт 48 мянгад хүрсэн нь манайдаа бол яах аргагүй аварга амжилт мөн. Манайхан энэ номыг муулан муулан уншаад л байгаа хэрэг. Тэгж Монголын бестселлер буюу шилдэг борлуулалттай номоор байнга шалгарч, энэ амжилтаа Хакухо их аварга шиг хадгалж ирлээ.
Улмаар дэлхийн шилдэг номуудын номинацид нэр дэвшиж, Азийн шилдэг номоор 150 гаруй номтой өрсөлдөөд шилдэг 24 буюу "Лонглист" хэмээх хагас шигшээд шалгарсан төдийгүй, бусад хэл рүү ч орчуулагдаж байна. Тухайлбал номыг яг одоо франц хэл рүү орчуулж байгаа аж. Энэ бүхэн нэг юм хэлээд байна л даа. Гэтэл манайхан номыг огт өөрөөр хүлээн авч, үл тоосон, муулж бут авсан санал сэтгэгдлээр цахим ертөнцийг булсаар, том том шүүмж бичиж зүгээр л “онц муу” дүн тавьсаар байна. Дэлхий даяар уншиж, дэлхий үнэлж, хүлээн зөвшөөрч байхад бид өөрсдөө зөрж зүтгээд байх юм даа.
2011 оны намар оройхон шиг санагдана, “Чонон сүлд” романыг орчуулсан орчуулагч Д.Болдбаатартай уулзахад уг роман 30 мянга гаруй хувь борлогдоод байгаа тухай хэлж байсан. Түүнээс хойш энэ тоо бүр их өсөө биз. “Чонон сүлд” роман бол монголчуудын өвөг дээдэс гэгдсэн нүүдэлчин ард түмнүүдийн харьд уусч үгүй болсон эмгэнэлт түүхийн үнэнийг уншигчдад хүргэсэн зохиол. Нэг үгээр хэлэхэд Монголын эмгэнэл. Цөөхөн тооны нүүдэлчид мянга мянган жилийн туршид шороон түмэн хятад үндэстэнтэй хэрхэн эн тэнцүү зэрэгцэн оршиж, сөрөн тэмцсээр, бас хүний олонд автан уусч ирсэн түүхэн үйл явцыг дүгнэсэн. Ийм номоос бид өнгөрснийг ухаарч, хойшид сэрэмжлэх ухааныг олж авах ёстой юм. Хэдэн жилийн өмнө Хятад даяар уншигдаж, улмаа дэлхийн олон улс оронд орчуулагдсан энэ роман аанай л манайхныг хоёр талцуулж, бараг хоёр хуваагдахад хүргэсэн.
Би ч энэ романы тухай үг хэлсэн. Гэхдээ бодит үнэнийг л уншигчдад хүргэхийг хүссэн. Дэлхий даяараа уншиж байна, нүүдэлчдийн өнгөрсөн түүхэнд гаргалгаа хийж байна, бид унших ёстой гэсэн утгатай дуугарсан. Түүнээс биш гайхамшигтай, сайхан зохиол гээгүй. Зарим хүний бичээд байгаачлан Монголыг доромжилж муулсан байхад нь магтан дуулсан мэт болгон дэвэргэн хөөргөж тархи угаах гээгүй. “Бусдын нүдээр өөрийгөө хар” гэдэгчлэн бидний тухай сайлж, муулсан ямарч юмыг бид олж үзэж, тэр бүхнээс санаа сэдэл, сургамж авч байгууштай. “Чоно сүлд” роман Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн үе үеийн эмгэнэлт хувь заяаг хөндсөн бол “Ногоон нүдэн лам” нэгэн үеийн түүхийн алдаа эндэл хувь хүний ганцхан тохиох амьдрал, хувь заяаг хэрхэн зольж хэлмэгдүүлдгийг бичиглэн үлдээжээ.
Монголчууд бид ерэн оноос хойш их хүйтэн, цэвдэг сэтгэлтэй болж, бие биенээ хайрлаж, халуун дотноор хандахын оронд хэлэхийн цаагуур хэлж, муулахын цаагуур муулдаг болсон. Энэ удаа ч хүн юм хийснийхээ төлөө тэгж муулуулж, доромжлуулахыг нь хангалттай харж байна. Юм хийсэн хүнд баярлаж, талархаж, урмын үгээр мялаахаа байж, атаархаж, жөтөөрхөж, доош нь хийж, сэтгэл санааны хувьд унагаж, тэгж байж өөрсдөө “кайф” авч, сэтгэл ханадаг болжээ. Хүнлэг, ардчилсан нийгэмд дэвшин орсон биднээс уг нь ийм ёс зүй гарахгүй баймаар. Монголчууд тэрбум биш, хэдэн зуун сая, хэдэн арван саяулаа бишсэн. Цөөхөн монгол атгасан шагай шиг нэгдэж, чивчирсан дээс шиг чангарвал хэнд ч автахгүй, юунд ч дийлдэхгүй буюу.
“Ногоон нүдэн лам” романыг тэгж их өөлж муулах ганцхан учир шалтгаан байгаа нь түүний хэл найруулга юм. Үнэхээр ч үг хэллэг, бичлэг найруулга нь тааруухан гэж хэлэхэд багадахаар болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Яагаад ийм муу хэл найруулгатай болов гэдгийг харахад роман анх монгол хэлээр бичигдээгүй аж. Англиар бичигдэж Америкт хэвлэгджээ. Тэгж анх америк уншигчдад хүрсэн номыг хамтран зохиогчийн нэг Ц.Оюунгэрэл монгол хэл рүү орчуулж. Эндээс олон зүйл ойлгогдоно. Тэр нь юу вэ гэвэл зохиолд хэдийгээр Монгол орны тухай, монгол ахуй, монголын нийгмийн тодорхой нэг цаг үеийн амьдрал, үйл явдлын тухай өгүүлж байгаа боловч бүхэлдээ америк зохиолын өнгө аяс, дүр төрхтэй аж. Энэ ч аргагүй юм. Ийм өнгө аяс, дүр төрхийг романаас олонтаа олж харж болно. Монгол хүн тэгж ярьдаггүй, монголчууд тэгж сэтгэдэггүй гэхээр зүйлс зөндөө тааралдана. Чухам тиймээс л романыг уншихаар барьж авсан зарим хүн хойш тавьж, бас чухам тэр бүхэн нь романыг шүүмжлэгчдэд бэлээхэн өгөөш болсон буй заа. Романы талаар дуугарсан олон хүн бий.
Д.Золзаяа гэдэг хүн “Ногоон нүдэн лам”-ыг нойрны эмийн оронд хэрэглэж болно” гэсэн нэртэй шүүмждээ: “Дөнгөж эхлэнгүүтээ л монгол хүний үзэл баримтлал, ёс жаяг, зан заншилтай зөрчилдөөд эхэлсэн энэ номонд цаашдаа ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн зүйл олон гарна. Гэхдээ 540 гаруй хуудастай, зузаанаараа А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” романтай дүйх энэхүү зохиолыг маш их нуршуу, соц.реализмын үеийн даржин мохоо, зохиолч нарын юмыг нэг бүрчлэн тоочин дүрслэх арга барилд тулгуурласан, аар саархан зүйлсийг хүртэл бүтэн хуудас дүүртэл улиглаж бичсэн учраас унших явцад өөрийн эрхгүй нүд анилдан хуудас ахиулахад нэн түвэгтэй байсан гэдгийг зориуд дурдъя” гэж дүгнээд цааш нь “Албан хүчээр л уншдаггүй юм бол энэ номонд хүнийг ховсдон татах юм юу ч үгүй. Харин түүний оронд нойр хүргэх “увидас” бол хангалттай шингэсэн гэсэн үг” гэжээ.
Романы үг хэллэг, бичлэг найруулгад “арай ч дээ” гэмээр зүйлүүд олон бий нь үнэн. Тэр бүгдийг судлаач, шүүмжлэгчид гярхай олж харж бараг үлдээлгүй нэгбүрчлэн шүүмжилсэн. Тийм болохоор энд давхардуулж нуршмааргүй байна. Харин “Арай ч дээ” гэмээр тэр бүхнийг бид ойлгон хүлээж авмаар санагдана. Яагаад гэвэл энэ бол нэгдүгээрт, орчуулга. Орчуулагчийн монгол хэлний түвшин ямар болохыг харуулсан. Хам хум ажиллаж, яаран дааран хэвлүүлсний уршиг энэ. Сайн хэлтэй редакторт өгч усыг нь сайтар шахуулж, өө сэвийг нь даруулаагүйгээс тэр. Редактор нь номын хавтсан дээр нэрээ бичүүлэхийг л бодсоноос биш, ариутган шүүхийг үнэндээ хүссэнгүй. Өнөөдөр манайхан номонд төдийгүй аливаа юманд ингэж л ханддаг болсны тод жишээ энэ. Номын редактор нь миний мэдэх эрхэм дүү Б.Золбаяр мөн бол “Арай ч дээ, Золоо? Даанч яав даа!” гэж хэлмээр. Өнөөгийн манай хүүрнэл зохиолын түүчээ тогоруудын нэг, яруу тансаг найруулгын үлгэрийг үзүүлж яваа уран үгийн инжаан маань энэ сул үгийн сувс үерлэсэн их “мөрөн”-д хуруу дүрэхээс айж дээ гэж бодох гэхлээр үгүй, тэгээд яасан байж таарах вэ гэж бодоод бодоод тааж чадсангүй. Харин манай Золоо биш бол хүлцэл өчье.
Шүүмжлэгчдийн дотроос жинтэй дуугарсан нь сүүлийн үед хүч түрэн утга зохиолын судлал, шүүмжлэлийн салбарт орж ирсэн Г.Батсуурь юм. Түүний дүгнэлт үнэлгээг үзье. Тэрээр “Гранд” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “…Хажууд нь “Ногоон нүдэн лам” бол зүгээр л нүдний булай. Арай ч дээ, манай уран зохиол өнөөдөр ийм юмыг бестселлэр гээд явж байх гэж дээ гэж бодохоор уран зохиолоос хоол хороож байгаа би шимшрэх. Үнэхээр болохгүй байна” гэж энэ номын тухай сэтгэгдлээ хэлсэн байдаг. Уг нь романыг бүхэлдээ ингэж үнэлэхээр муу зохиол биш. Ядаж л, арван жил судалж, сурвалжилж, архивт сууж ажиллах зэргээр бичсэн номын зохиогчдын нөр их хөдөлмөрийг бодсон ч, муулах учир үгүй юм. Хэлэх амархан, хийх хэцүү. Тийм ч учраас “Ярьж чаддаг хүн хийж чаддаггүй, хийж чаддаг хүн ярьж чаддаггүй” гэсэн дорно дахины сэцэн үг байдгийг санууштай.
Харин миний хувьд энэ романыг эерэг талаас нь дүгнэмээр санагдсанаа уншигчдад хүргэхийг зорьсон юм. Товчхон хэлэхэд, энэ роман сэдэв, өгүүлэмж, бичлэгийн хувьд сайн зохиол, үг хэллэг, найруулгын хувьд алдаг оног муу орчуулга. Тийм ээ, бүхэлд нь авч үзвэл энэ роман сайн роман. Романд Монголын нийгмийн ээдрээтэй, хэцүү бэрх цаг үе болох 1930-1940-өөд оны үеийг сонгон авч, мөн үед Хөвсгөл аймгийн Даяндээрхийн хийд хэмээх Монголын бурхны шашны алдартай том, хосгүй сайхан сүм хийдийн эргэн тойронд өрнөсөн хэрэг явдлыг бодитойгоор тусган өгүүлж байна. Шуудхан хэлэхэд мөн үед болсон хэлмэгдлийн айхтар хэрэг явдлын үнэн мөнийг өнөөгийн үеийнхэнд буй аснаар нь хүргэхийг зорьжээ. Тийм болохоор зохиогчид энэ цаг үе, энэ хэрэг явдлын тухай хүмүүсээс, өвөг дээдсээсээ, нутгийн зон олноос багагүй сонсч, судалсан байж таарна.
Зарим шүүмжлэгч эл романыг Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романтай харьцуулж, түүний дэргэд ёстой юу ч биш, тэр номыг уншчихгүй яав даа, тэнд сүм хийдийн амьдралыг гайхалтай сайхан бичсэн… гэх мэтээр шүүмжилсэн нь бий. Уг нь “Ногоон нүдэн лам”-д ч сүм хийдийн аж амьдралыг бас л шаггүй сайн, тод томруун дүрсэлсэн л байх юм. Наяад оны дундуур уншигчдад хүрч асан “Оройгүй сүм” роман цагтаа бас л ингэж шүүмжлүүлж байсныг мөхөс бичгийн хүмүн бээр санаж байна. “Хэрвээ Л.Түдэв бурхны шашныг, сүм хийдийг илүү сайн мэддэг байсансан бол энэ роман улам сайн болох байжээ” гэж хэлүүлж байсан юм. Тэгэхлээр аль ч цаг үед цэцэн мэргэн шүүгчид байж, ямарч уран бүтээл, туурвилыг сонжиж шинжиж, өө сэвийг нь өөлж өнгөлж байдаг ажээ. Харин урьд бол өнөөгийнх шиг ингэж зохиогч руу нь дайрч доромжилж, доош нь хийж, үгийн сумаар “буудаж” байсангүй.
Орчуулгын мууг алдаг оног гэхийн учир нь романы хэл найргуулга тувт ийм муу биш аж. Тийм ч учраас үг хэлсэн бүхэн дан муулаад байсангүй. Хулан гэдэг нийтлэлч бичихдээ: “Ногоон нүдэн лам” гэдэг номыг улаан нүдэлж суусаар нэг шөнийн дотор зүйл дуусгав. Хэлмэгдүүлэлтийн хар шуургаар хавсарга тавьж асан тэртээх он жилүүдэд очсон юм шиг л боллоо. Түүхийг хүн бүтээдэг ч түүнийгээ эргээд баллаж сохолж болдог, бүр танигдахын аргагүй гуйвуулж хувиргаад, болсон мэт итгүүлж үнэмшүүлж чаддагийг энд томруун харуулжээ. 2008 онд хэвлэгдсэн уг номыг нэлээд оройтож барьж авсан ч уншсандаа харамссангүй” гэсэн байх агаад энэ мэт эерэгээр үнэлсэн хүн цөөнгүй.
Роман үнэхээр сонирхолтой. Үүнийг хэд хэдэн зүйлээр нотолж болно. Юуны өмнө романд Монголд бараг ганцхан байсан Бурхны шашны улааны урсгалын том хийд Даяндээрхэд болсон бодит үйл явдал өгүүлэгдэнэ. Үйл явдал бодитой болсон төдийгүй, лам нарыг хомроголон хэлмэгдүүлсэн аймшигт хэлмэгдлийн ноцтой, зүрх шимшрэм, гунигт түүхийг өгүүлсэн нь сонирхолтой төдийгүй хэлмэгдүүлэлт гэж ямар аймшигтай зүйл байсныг хойч үеийнхэн зайлшгүй мэдэж байгууштай чухал ач холбогдолтой болжээ. Зохиол сэдвийн хувьд ийм бол өгүүлэмжийн хувьд хурц, тод агаад өөлөөд байхааргүй зөв сонголттой, өгүүлэмжийн чиг шугам цэгцтэй, тодорхой болсон байна. Англиараа бол хэл найруулгын өө сэвгүй, чамбай сайн ном болсон байж таарна. Тийм ч учраас дэлхийн шилдэг номуудын номинацид нэр дэвшиж, Азийн шилдэг номын хагас шигшээд шалгарч, бусад хэл рүү орчуулагдаж байгаа биз ээ.
Утга зохиолын судлал шүүмжлэлд ёс суртахууны хэмжээ хязгаар, хүн чанар, халуун сэтгэл байх ёстой, байсаар ч ирсэн. Ер нь утга зохиолын шүүмж бол хатуу үнэнийг хүйтнээр биш, халуун дотноор хэлдэг байх ёстой. Хэрэв энэ ном бестселлер болоогүй бол, тэгж их рекламдаж шуугиулаагүй бол, зүгээр л цөөн хэдэн хувь зарагдсан бол утга зохиолын хүрээнийхнээс атаа жөтөө, хорсол бухимдлын үг биш, аятайхан зохиол, сайн роман гэх мэтийн эерэг үг, үнэлгээ сонсох байсан нь лавтай. Манайд ийм л цаг үе ирсэн шүү дээ. Юм хийсэн хүн буруутдаг, буруутахаар барахгүй илүү үзэгддэг, адлагдаж муулуулдаг, жинхэнэдээ бол атаархуулж, бусдын атаа хорслыг ихээр татдаг болж дээ.
Эцэст нь нэмж хэлэхэд энэ номыг англи хэл сурах зориулалтаар хоёр хэлээр нь зэрэгцүүлж үзвэл хүүхэд залуучуудад нэн тустай аятайхан гарын авлага болохын дээр жуулчны орчуулагч хөтөч нар ч ашиглаж, Монгол ахуй, Монголын хөдөө, нүүдлийн соёл иргэншлийн олон зүйлийг юу гэж нэрлэдэг, хэрхэн оноож орчуулдгийг мэдэж авч ажилдаа ашиглах ховорхон хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй. Нэмж санал болгоход, дахин хэвлүүлэх бол усыг нь сайтар шахаж, муухан орчуулсан сулхан зохиол биш, аялгуу сайхан монгол хэлээр мэндэлсэн тансаг хэл найруулгатай, хүн бүхэн шимтэн уншууштай сайн зохиол болгон ариутган засаасай гэж хүснэм. Тэгвэл уншигчдыг бүр их “байлдан дагуулах” биз ээ.
“Ногоон нүдэн лам” уг нь гайтай биш, “лайтай” ном шүү!
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Я.ГАНБААТАР