Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

1992 онд цахилгаан холбоонд технологийн шинэчлэлт хийж шилэн кабелын сүлжээтэй болжээ. Үүнээс хойш 1994 онд Монгол Улс интернэтэд анх холбогдсон гэж үздэг ч “Датаком” компани 1996 онд интернэтийн сүлжээ оруулж ирснээр Монголын интернэтийн хөгжлийн суурь тавигдсан байна. Сонирхолтой нэгэн түүх өгүүлэхэд манай улсаас анх удаагаа интернэтээр гадаад ертөнц рүү хандсан хандалт том хүний сайт руу байсан гэдэг. Үүнээс хойш 20 жилийн дотор 2 сая 100 мянган хүн цахим сүлжээ ашигладаг болжээ.    

Фейсбүүк хэрэглэгчдийн 60 хувь нь хүүхэд байдаг

Тэгвэл монголчуудын өргөнөөр ашигладаг фэйсбүүк хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь бага насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд фэйсбүүкт хэр олон найзтай вэ гэдгээрээ өрсөлдөж, нэгнийхээ дээр гарахын тулд танихгүй, мэдэхгүй, гадна, дотны хүмүүсийг найзаараа бүртгэн авдаг болжээ.

Гэтэл аливаа зүйлийн муу сайныг ялгаж, салгаж чадахгүй эдгээр хүүхдүүд таньж мэдэхгүй хүнтэй сошиалаар танилцах, цаашлаад секс сүрдүүлгийн хохирогч болох ч магадлалтай.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ямар мэдээлэл хүлээн авч, юу үзэж, ямар хүмүүстэй харилцаж, нөхөрлөж байна вэ гэдэгт анхаарахаас илүү “Фэйсбүүк өдөржин ухлаа, нүд чинь өвдлөө,  тархи толгой чинь өвдлөө” гэх нь элбэг.

Цахим гэмт хэргийн 80-90 хувь нь хүний нэр хүндэд халддаг

Цахим гэмт хэргийн 80-90 хувь нь бусдын нэр хүндэд халдсан тухай гомдол байдаг гэж  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэллээ.

Саяхан л гэхэд арван жилийн хоёр охин бие биенийхээ үснээс татаж, зодолдож буй бичлэг цахим ертөнцөөр тарж, түүнийг үзсэн хүмүүс охидыг дайрч доромжилж, элдвээр хэлснээс болж охидын нэг нь амиа хорлох оролдлого хийжээ.  

Мөн фейсбүүкийн нэгэн хэрэглэгч “Зөв” аарцны ундааг Хятадаас оруулж ирдэг гэсэн худал мэдээллийг нийгмийн сүлжээгээр тараасныхаа төлөө бусдын нэр хүндэд халдсан, худал хуурмаг мэдээлэл нийтэлсэн гэх үндэслэлээр гэмт хэрэгтэн болжээ. Хэдхэн хэдхэн хоногийн өмнө найз залуутайгаа муудалцаад амиа хорлохыг завдсан охины нүүр царайг ил тодоор сошиал ертөнцөөр тарааж, цаашид амьдрахын аргагүй болтол нь “хүчирхийлсэн”.   

Компьютерийн цаана суучихаад болчимгүй үг, бодлогогүй шүүмжлэл хэлж цусгүй дайн эхлүүлэх бусдын амьдралыг шийдэж байдгийг сануулсан гуравхан жишээг дээр дурдлаа.

Нас биенд хүрсэн иргэн таны фейсбүүк, твиттерээр гаргасан зохисгүй үйлдэл бусдыг элдвээр дайрч доромжилж, гүтгэж гутаасан үйлдлийг өсвөр насныхан харж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Бид цахим ертөнцөөр аль болох муйхар үйлдэл, хэн нэгний дэмийрлийг үзэж, түүнийг өөр хоорондоо түгээсээр өөрсдөө ч “гаж” сэтгэхүйтэй болж буйг сэтгэл судлаачид хэлж байна. Дээр нь гэмт хэргийн сэдэл өгч, бусад нь болоод байхад гэсэн хандлагад аажим аажмаар дасгасаар тэр нь гэмт хэрэг үйлдэхэд хөтөлж буй талаар цагдаагийнхан хэллээ. Тиймээс дор бүрнээ нэгийг тунгааж хоёрыг бодох нь илүүдэхгүй биз ээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж