Үлгэр ингэж эхэлдэг. “Эртээ урьд цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Эмгэн нь ажилтай, өвгөн нь залхуу, бас ховдог. Өвгөн таван хар ямаагаа өдрийн нэгээр алж идсээр ганцхан хөх саалийн үнээтэй үлджээ. Эмгэнийгээ эзгүй хойгуур өвгөн өнөөх ганц үнээгээ алж махыг нь сайхан шарж идэж гэнэ…”
133 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний салбарын хамгийн том хувьцаат компани “Пибоди Энержи” дампуурлаа зарлахад дөхсөн гэх мэдээлэл гарснаас хойш тун удалгүй “Mongolian Mining Corporation” –ийн зүгээс BNP Paribas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээлээ төлж чадахгүйд хүрснээ дуулгав. “Пибоди”-гийн хувьд нийт өр төлбөрийн хэмжээ 6.3 тэрбум долларт хүрсэн бөгөөд ирэх сар гэхэд АНУ-ын Дампуурлын тухай хуулийн “Chapter 11”-ын дагуу дампуурлаа албан ёсоор зарлаж, хуулийн хамгаалалтад орж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Харин “ММС”-гийн зүгээс зээлдүүлэгчидтэйгээ зээлийн нөхцөлөө эргэн харж, төлбөрийн хугацааг хойшлуулах яриа хэлэлцээ өрнүүлж байгаа ч одоогоор тохиролцоонд хүрч чадаагүй байгаа аж.
Монголын хувьд эдгээр хоёр компанийн тухай мэдээлэл аль, аль нь хамгийн таагүй нөхцөл байдлыг авчрах юм. Учир нь эдгээр хоёр компани хоёулаа Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байсан. Нэг нь гадаадын хөрөнгө оруулагч, нөгөө нь Монголын үндэсний компани. Нэгийг нь Тавантолгойн төслийн ялагчаар шалгаруулаагүй, нөгөө нь шалгарсан. Гэвч, өнөөдөр аль, аль нь санхүүгийн маш том хүндрэлтэй нүүр тулжээ. Ялангуяа Монголын уул уурхайн компаниудаас анх удаа дэлхийн зах зээлд хувьцаагаа гаргасан “Mongolian Mining Corporation” дампуурлаа хүлээн зөвшөөрөхөд хүрнэ гэдэг манай улсын эдийн засагт асар том хохиролтой. Энэ бол баярлах хийгээд бахархах мэдээ биш.
Газрын доороо 150 тэрбум тоон нүүрсний, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг Монгол Улсын төсвийн дөрөвний нэгийг нүүрсний экспортоос бүрдүүлж байсан нь ердөө тавхан жилийн өмнө. Тэр үед Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч, жилдээ гадаадын хөрөнгө оруулалт нь 4-5 тэрбум доллараар хэмжигдэж, эдийн засгийн хувьд хамгийн оргил үе нь байлаа. Гэвч, дэлхийн зах зээлд нүүрлэсэн хямралаас илүү дотоодын улс төрийн хямрал гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй Монголын үндэснийхээ үйлдвэрийн дампуурлыг зарлахад хүргэсэн гэвэл бодит үнэнтэй нийцнэ.
Монголын уул уурхайн компаниудаас анх удаа дэлхийн зах зээлд хувьцаагаа гаргасан “Mongolian Mining Corporation” дампуурлаа хүлээн зөвшөөрөхөд хүрнэ гэдэг манай улсын эдийн засагт асар том хохиролтой. Энэ бол баярлах хийгээд бахархах мэдээ биш.
2010 онд УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон тэр үеэс төмөр зам, нүүрс тойрсон Монголын улстөрчдийн увайгүй хэрүүл эхэлсэн гэж хэлж болно. Яг үнэндээ Монголын нүүрс үнэд хүрч чадахгүй байсан ганц шалтгаан нь тээвэрлэлт. Тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдчихвэл нүүрсний салбараас Монголын эдийн засагт орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэх байв. Ийм л бодлогоор экспортын төмөр замтай болох Монголын гурван ч засгийн газрын бодлого бүхэн “бойкотлуулж”, хувийн хэвшлийнхний өөрсдийнхөө хөрөнгөөр хийж байсан төмөр зам төр барихаас өөр аргагүйдэхдээ олон улсын хөрөнгийн зах зээлээс босгож ирсэн бондын 280 сая долларыг зарцуулсан боловч одоогоор овоолсон шороог нь эс тооцвол нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт хийгдээгүй нь үнэн. Зөвхөн барих төмөр замынхаа цариг дээр л гэхэд өргөн, нарийн гээд өчнөөн жил алдсан шүү дээ. Цэрэг танкаар айлгаж, зэвсэгт хүчнээрээ төмөр замаа бариулахаар шийдвэрлэсэн Монголын төр үндэснийхээ хэдэн компанийг багалзуурдах нь эдийн засгаа "шарж идсэнтэй" ялгаагүй болно. Үлгэрээс авах юм их бий гэж энэ.
Нөөц нь долоон тэрбумаар яригдаж байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хамтад нь хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн тендер зарлаж ялагчаар нөөц, чанараараа дэлхийд нэгдүгээрт жагсч байгаа Тавантолгойн ордод олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит “Шэнхуа”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” гэх гурвалыг шалгаруулж харин тун удахгүй дампуурлаа зарлаж магадгүй болоод байгаа АНУ-ын “Пибоди энержи” тойргийн гадна үлдсэн юм.
Гэвч, УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулсан Л.Эрдэнчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхий “гавъяа”/ өөрсдийнх нь хэлж байгаагаар/-гаар ч юм уу, гайгаар ч гэх үү дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт авч ирэх Тавантолгой төсөл гацсанаар Монгол Улс олон, олон боломжуудаа алдсан. Хэрэв Тавантолгойг өнгөрсөн хавар явуулчихсан бол 30 жилийн хугацаанд 94 тэрбум долларын ашиг хүртэнэ. Багаар бодоход 60 мянган хүн энэ төслөөс шууд болон шууд бусаар тэжээгдэх байлаа. Гэвч, иргэд хэдийгээр нэгдүгээр замыг сонголоо ч эрх баригчдын эрх ашигт таалагдаагүй л бол эдийн засгийн ямар ч чухал төсөл ингээд дампуурдгийг, эдийн засгаа сүйрүүлдгийг энэ явдал харууллаа гэж хэлж болно.
Угтаа бол “Энержи ресурс” дампуурлаа зарлах нь инээдэм биш юм. Тэнд ажиллаж байгаа олон мянган ажилчныг бодсон ч улсын төсөвт оруулдаг мөнгийг тооцсон тэр. 2009 оноос хойш татварт 760 тэрбум төгрөг төлж, 4000 монголыг тэжээж байгаагийн хувьд “Энержи ресурс” дампуурлаа зарлалаа гэхэд тэнд ханган нийлүүлэлт хийдэг, үйлчилгээ үзүүлдэг хэчнээн жижиг компани хаалгаа барих вэ. Хичнээн хүн ажлын байраа алдаж, банк дахь хэдий хэмжээний зээл чанаргүйд тооцогдох вэ. Үүнийг бодож үзсэн үү? Жижиг, дунд үйлдвэрлэгчид гэхээсээ цөөн хэдэн том компанийнхаа татвараар л Монгол Улс амьдардаг юм шүү дээ. Гадны хөрөнгө оруулалтаа хөөж гаргаад, үндэснийхээ хэдийгээ шарж идээд суух “сайхан” байна гэж үү, улстөрчид өө?
Үлгэр ингэж дуусдаг. “…Эмгэн гэрийнхээ цоорхойгоор шагайж харвал өвгөн үнсээ зуурч идээд сууж байв гэнэ…”
Ж.НЯМСҮРЭН