-Маргааш улс орон даяар түгшүүрийн дохиогоор санамж өгч, газар хөдлөлийн аюулын үед хэрхэн ажиллах дадлага сургуулилт хийнэ-
Гуравдугаар сарын 24-ны өдөр буюу маргааш 16.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Уг сургуулийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж, дадлага сургуульд оролцох ажээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян “Гамшиг осол дундаа хамгийн их хохиролтой, эрсдэл дагуулдаг нь газар хөдлөлт байдаг. Гурван удаагийн дохионы үеэр иргэд газар хөдлөлтийн аюулын үед юунд анхаарах ёстой, яавал аюулгүй байдлаа хангах вэ гэдэг чиглэлээр дадлага сургуулилт хийх юм. Ер нь Улаанбаатар хот газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс. Монгол Улсын 75 гаруй хувь нь 7 баллаас дээш газар хөдлөлтийн бүсэд оршдог” гэдгийг онцоллоо.
ТҮГШҮҮРИЙН ДОХИО ДУУГАРСАН ҮЕД ИРГЭД ЯАХ ВЭ?
Нэг дэх түгшүүрийн дохио дуугарахад: Иргэн та “Суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.
Хэрэв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.
Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад: Анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.
Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад: Та өөрийн харъяалалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөх ёстой юм байна.
Ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй гурав болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм. Тиймээс Гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн 15 нэр төрлийн эд зүйлсийг бүрдүүлэх учиртайг ОБЕГ-аас сануулж байна. Үүнд, хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга, нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтууд, ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут зэргийг бэлтгэж занших хэрэгтэй гэнэ.
Д.ЦЭЭНЭ
Холбоотой мэдээ