Р.Чингисийг өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Р.Чингисийг өөрчлөх үү?

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох хэрэг олны анхааралд орж, хууль хяналтынхан болон албан тушаалтнуудын дунд багагүй маргаан өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын туслах, тендерийн хорооны нарийн бичгийн дарга асан Г.Түвшинжаргалыг цагдан хориод байгаа юм.

Баянхонгор аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр “УИХ-ын дарга З.Энхболд "Миний хувьд Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш харзнасан байдалтай байгаа. Мөнгө идсэн, идээгүйг би мэдэхгүй. Ямартай ч энэ асуудпыг үргэлжпүүлж, сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол намын даргын хувьд үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж, ял өгч болно. Гэхдээ бүх юм шүүх, цагдаа гээд бүгдээр нь орох ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг цаг ард хоцорч. Харин ч хувийн ашиг сонирхолдоо ашигладаг хүмүүс байна. Ийм үл бүтэх улсыг хуулийн байгууллагаас хөөж, арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно. Энэ асуудал хэрээс хэтэрсэн. "МСS" гэдэг компанийн мэдлийн цагдаагийн даргатай болчихсон. Нэг улс төрийн намын төлөө ажилладаг цагдаагийн байгууллагатай байсан бол одоо нэг компанийн төлөө ажиллаж байна. Цагдаагийн даргыг хэн томилдог вэ, Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг хэн томилдог юм, Ерөнхийлөгч. Би хэнийг томилдог вэ, хэнийг ч биш. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаа биз. Хуулийн байгууллагад байгаа, компанийн гар хөл болсон улсыг зайлуул гэж хэлсэн. Зайлуулалгүй өдий хүрсэн. Юуны өмнө нам үл бүтэх хүмүүсээ цэвэрлэх болсон” гэж хэлжээ.

Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын дарга болон прокурорын байгууллагатай өөрийн эрх мэдлийн хүрээнд тэмцэнэ гэдгээ УИХ-ын дарга хэлж байх шиг.

Тиймээс ч УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад үүрэг өгч нэн даруй ажлын хэсэг байгуулан ЦЕГ-т шалгалт оруулахыг шаардсан гэх мэдээлэл байна. Д.Ганбат нь холбогдох байгууллагуудад албан бичиг илгээсэн бөгөөд албан бичигтээ "Сүүлийн үед хууль, хүчний байгууллагууд үндэслэлгүйгээр баривчлах, хорих, орон байр, албан тасалгаанд нэгжлэг хийх асуудал гарсаар байна гэсэн гомдол удаа дараа иргэдээс ирсээр байгаа тул уг асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж хууль бус үйлдлээ таслан зогсоож хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хүсч байна" гэжээ.

МоАХ-ноос Хууль зүйн сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт сөрөг гарвал Засгийн газрын хуралдаанд ЦЕГ-ын дарга Р.Чингисийн асуудлыг оруулж ирж магадгүй юм. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат АН-ын МоАХ фракцад харъяалагддаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын байр суурийг хүлээн зөвшөөрдөг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар цагдаагийн удирдлагыг огцруулах агуулга бүхий шүүмжилсэн шаардлагыг албан бичгээр гаргаад байна. Ингэх болсон нь ч учиртай. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Энэ нь Монголын ард түмний өмч болсон Тавантолгойн ордыг үнэгүй авах гэсэн УИХ болон Засгийн газарт байдаг зарим бүлэглэлийн хийж буй  ажил. Удахгүй бүх зүйл  тодорхой болно” гэж туслахыг нь баривчилсны дараа хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тиймээс ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шаардлага хүргүүлсэн бололтой.

Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нь өнгөрсөн долоо хоногт “Их хэмжээний мөнгө завшсан энэ хэрэгт Х.Баттулгыг холбогдуулж мэдээлж байгаа нь ЦЕГ-ын дарга Р.Чингисийн зохион байгуулж байгаа хэрэг" гэж мэдэгдсэн юм. Харин ЦЕГ-ын зүгээс өчигдөр энэ хэрэгт Р.Чингис холбоогүй гэж мэдэгдсэн билээ.

УИХ-ын дарга байгуулсан ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээг гацааж дөнгөсөн бол энэ удаад байгуулагдах ажлын хэсгийн ахлагчаар Д.Ганбат томилогдож, энэ асуудлыг нэг тийш нь шийдэх бололтой.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж