Тэсрэх бөмбөгийг чемоданд нуусан байжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Тэсрэх бөмбөгийг чемоданд нуусан байжээ

Фото: RTL Belgium / AP

 

Брюсселийн нисэх буудалд дэлбэрсэн бөмбөгүүдийг гурван чемоданд хийн авчирсан, гэхдээ үүний хоёр нь дэлбэрч, нэг нь ажиллаагүй гэж Завентем мужийн захирагч Франсис Вермейрен Францын Le Figaro сонинд мэдээлжээ. Дэлбэрэлт болсон нисэх буудал нь Завентем мужид байрладаг юм.

 

Вермейрены хэлснээр алан хядагчид таксигаар нисэх буудалд ирээд,тээшний тэргэнцэр дээр бөмбөг нуусан чемодануудаа зөөн авч явжээ. Хоёр бөмбөг нь дэлбэрч, гурав дахь бөмбөгийг дэлбэлж амжилгүй алан хядагч зугтжээ.

 

Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс France 2 телевизийн сувагт ярихдаа, Брюсселийн дэлбэрэлт Парисын цуврал халдлагыг зохион байгуулагч Абдесламтай холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа гэв. Дахин алан хядах ажиллагаа болох талаар мэдээлэл байхгүй байгаа хэмээн Бельгийн эрх баригчид хэлж байна. Өчигдрийн хэрэг явдлын улмаас Бельгид онц байдал зарлаад байгаа.

 

Хамгийн сүүлийн мэдээгээр, нисэх онгоцны буудалд болсон хоёр дэлбэрэлт, мөн хотын гудманд болсон бас нэг дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 34 хүрч, 230 хүн шархдаад байна. Бельгийн цагдаагийнхан гурван хүнийг хэрэгт сэжиглэж байгаагийн хоёр нь амиа золиоссолсон бөгөөд үлдсэн нэг хүнийг эрэн сурвалжилж байна.

 

Фото: Francois Lenoir / Reuters

 

Энэ хэргийн хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө авч байгаа тухай жихадистуудын мэдлийн "Амак» (وكالة أعماق) агентлаг дамжуулсан байна. Бельги нь алан хядагчдын эсрэг тэмцэж байгаа эвслийн гишүүн учраас өшөө авч байна гэж хэт даврагчид мэдээлсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж