Сонгомол барилдааны тамирчид мельдони хэрэглэж байжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Сонгомол барилдааны тамирчид мельдони хэрэглэж байжээ

Сонгомол барилдааны Оросын 2 тамирчнаас мельдоний хэрэглэж байсан нь илэрчээ

ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын яамны Коллегийн өчигдөр болсон хуралдаан дээр тус Коллегийн гишүүн, Оросын спортын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили мэдээлэл хийхдээ “Манай холбоо дотроо зарим бөхчүүдээс мельдоний хэрэглэж байсан эсэх талаар шинжилгээ хийлгэхэд олон арван бөхчүүдээс мельдоний хэрэглэж байсан нь илрээд байна, манай олон бөх сэтгэл зүйн дарамтад ороод байна. Иймд сэргээшийн асуудлаас болж оросын зарим бөхчүүд олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд явахгүй байж болзошгүй байдал үүсээд байна. Чухам иймд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Албан ёсоор сонгомол барилдааны тамирчин, тухайлбал өнгөрсөн жилийн ДАШТ-ний 82 кг-ын жингийн мөнгөн медальт, европийн спортын наадмын аварга Евгений Салеев, Дэлхийн цомын төлөө тэмцээний 130 кг-ын жингийн аварга Сергей Семёнов хоёроос мельдоний хэрэглэж байсан гэсэн мэдээлэл гарсан байна. Оросын тамирчдаас мельдоний хэмээх сэргээшийг хэрэглэж байсан илэрсэн 12 дахь төрөл нь бөхийн спорт болчихлоо. 1952 оноос 2012 он хүртэлх бүх Зуны олимпийн наадамд манай бөхчүүдээс сэргээш хэрэглэж байсан ганц ч тохиолдол гараагүй юм. Би манай бөхчүүд, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ итгэж байна. Ямар ч тохиолдолд оросын баг энэ олимпийн наадамд хүчтэй бүрэлдэхүүнтэй очно.” гэжээ.

“ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 7 орны бөхчүүдээс мельдоний бэлдмэл хэрэглэж байсан тухай мэдээллийг WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас манай холбоонд өгсөн, бөхчүүд ийм олноороо сэргээш хэрэглэж байсан нь илэрсэн явдал бөхийн спортод урьд өмнө нь гарч байгаагүй. Оросын сонгомол барилдааны хоёр тамирчин мельдоний хэрэглэж байсан нь илэрсэн гэдэг мэдээллийг сонсоод би маш их гайхсан, яагаад гэвэл оросын бөхчүүд сэргээшийн асуудалд нухацтай ханддагийг би сайн мэддэг юм. М.Мамиашвилийн удирддаг ОСБХ нь сэргээшийн эсрэг маш хатуу байр суурь баримталдаг. Ийм учраас дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй, бүхнийг учрыг олох шаардлагатай.” гэж ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович байр сууриа илэрхийлсэн байна.

WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн 2015 оны есдүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэмцээний үед болон тэмцээний дараа мельдоний хэрэглэсэн нь илэрвэл сэргээш хэрэглэсэн гэж тооцно гэсэн шийдвэр гаргаж уг бэлдмэлийг хориотой эм, эмийн бэлдмэлийн S4 жагсаалтанд оруулснаас хойш дэлхийн хориод орны 110 тамирчнаас уг бэлдмэл илрээд байгаагийн дотор оросын 18 тамирчин байгаа юм.

“Милдронат” гэсэн албан ёсны нэртэй мельдоний бэлдмэлийг өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилтийн үед тамирчдын бие бялдрын тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, тэмцээний үед сэтгэл санааны хэт хөөрлиййг буулгах зорилгоор хэрэглэдэг ажээ. ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудад зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд мөн хэрэглэдэг байна.

Мельдоний бэлдмэлийг зохион бүтээгч, оросын эрдэмтэн, профессор Ивар Калвиныш дахин мэдэлдэл хийж “Өнөөгийн байдлаар дэлхийд жил бүр хоёр сая орчим хүн мельдонийг эмийн бэлдмэл байдлаар хэрэглэж байна. Мельдоний бол сэргээш биш. Түүнийг хэт ачааллын үед зүрхний болон булчингийн эд эс үхэхээс хамгаалж тамирчид хэрэглэдэг юм. 1970-аад оны үед ЗХУ-ын бүрэлдхүүний Латви улсын Органик синтезийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байх үедээ би мельдоний бэлдмэлийг анх гарган авч ургамлын өсөлтөд хяналт тавих, амьтад, тахианы өсөлтийг идэвхжүүлэх бэлдмэл болгон ашиглаж болохыг туршилтаар нотолсон юм. Би мельдоний бэлдмэлийг пуужингийн түлшийг устгах шаардлагын үүднээс туршилт хийж байхдаа бүтээсэн. Гэхдээ хожим нь амьтдын зүрхний ажиллагааг хэвийн болгодог нь тогтоогдсон учир клиникийн анагаах ухаанд ашигладаг болсон юм. Би 1976 онд ЗХУ-д зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан, 1984 оноос анагаах ухаанд хэрэглэхийг зөвшөөрсөн, түүнээс өмнө Афганистан улсад интернационалч үүргээ биелүүлж байсан зөвлөлтийн цэргүүд хэрэглэж байсан. 1984 онд АНУ-д мөн зохиогчийн эрхээ баталжуулсан. 1992 онд ЗХУ задарсны дараа би Латви улсад дахин бүртгүүлж зохиогчийн эрхээ дахин баталжуулж байсан. Гэхдээ АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмэнд хяналт тавих газраас тус улсад хэрэглэхийг сайшаагаагүй юм. Нэр хүндтэй “Drug Testing and Analysis” сэтгүүлийн 2015 оны арван хоёрдугаар сарын дугаарт зарим туршилтаар мельдоний бэлдмэл нь бэлтгэл сургуулилтын үед тамирчдын амжилтыг ахиулдаг, тэсвэр хатуужлыг дээшлүүлдэг, сэтгэл санааны хямралаас хамгаалдаг гэж цагаан дээр хараар бичсэн бий. Спортын салбарт оросын тамирчдын гаргаж байгаа хосгүй амжилтанд атаархсан америкчууд элдэв хорт явуулга хийж тэр гутамшигт хэрэгтээ ВАДА-г ашиглаж байгаад би харамсаж байна. Ямар ямар орны ямар ямар лабориторид ямар туршилт хийгээд мельдонийг сэргээшийн төрөлд оруулсан баримтаа, туршилтын дүнг дэлхий нийтэд ил болгохыг би зохиогчийн хувьд ВАДА-гаас дахин шаардаж байна.” гэжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж